
Сү.Батболд зүсийг нь хувиргасан МАН-аа орхиж, УИХ-д нэрээр нь орж ирэв. Гэвч том намын даргын ямбыг нь эдлээд, ялаас мултрахын тулд Бага хурлыг нь яаравчлан хийж, намынхаа эрхэм гишүүдийг парламентад бүлэггүй хоцроосон. Тэр хувийнхаа ашиг сонирхлыг урьтаж намынхаа хурлыг хийгээд, бүр сүүлд нь төрийн ажлыг тавьсан. Одоо аминыхаа ажлыг амжуулж явна. Сү.Батболд хэзээний том бизнестэй хүн. “Чингис” зочид буудал, “Бороо гоулд” гээд тогоотой сүүний дандаа өрмийг хуулдаг. Хамгийн түрүүнд гадаадад хаустай болсон хүн гэвэл түүнийг нэрлэх байх. Түм түжигнэж, бум бужигнасан Лондоны төвд шүү. Сонгуульд ялагдсан алдаагаа тэр ажил үйлсээрээ засах ёстой атал бөөн өр, орон нутгийн сонгуулийн бэлтгэлийг зуун задгай, жаран хагархай хэвээр нь хаяад алга болохыг МАН-ын гишүүд зөвшөөрөхгүй байна. Түүнтэй бүр илүү хатуу хариуцлага тооцохыг анхан шатны байгууллагын жирийн гишүүд, дэмжигчид шаардаж байна. Экс даргын толгой дээр үүл хуралдаж байна.
Намдаа Тусгаар тогтнолын ордон хэмээх долоон давхар том байшин бариулсан. Нам нь сонгуульд ялагдахаар байр нь эзгүйрдэг муухай өвчин МАН-д бий. Энд сонгуулийн үеийн их хөл татарчээ, цаанаа л нэг эл хуль. Уяан дээр нь багширч байдаг том том хар жийпнүүд авга. Харин том байшингаас их мөнгөний хуучин үнэр ханхалж байна. Албан тушаалын авлига, нэр дэвших өрсөлдөөний өргөл барьц, хандив нэрийн дор урссан тодорхой эх үүсвэргүй мөнгө... сонгуулийн хуульд зааснаас хамаагүй давжээ. Нүглийн замаар буян үйлддэггүй гэдэг. Сэтгэлээсээ өгөөгүй мөнгө хөрөнгийг хандив гэх үү, авлига гэх үү. Их мөнгөний үнэр эзнийгээ барьж өгдөг. Сү.Батболдын толгой дээр үүл дээр хуралдаж байна.
Нам нь ийм хөөрхийлөлтэй байдалд ороод байхад таг дуугүй сууна гэдэг МАН-ын генсек асан У.Хүрэлсүхийн мөн чанар яавч биш. Тэр МАХН нэрийг МАН-аар солиод сонгуульд ялагдвал хариуцлагыг нь хар толгойгоороо хариуцна гэж чангаар хэлсэн. Намынх нь жирийн гишүүдийн чихэнд энэ үг одоо ч хангинасаар. Уг нь хуучин байрных нь үүдэнд жагсагчид овоороход толгойдоо алчуур зангидаад шатсан тугаа бариад залуусыг уриалан давхиж явдаг тэрээр одоо нуугдаж тоглож байгаа хүүхэд шиг буланд чив чимээгүй сууна. Хөдөлбөл хүн мэдчих юм шиг. Нээрээ У.Хүрэлсүх яагаад чив чимээгүй болов. Дуугүй хүний доодох нойтон гэдэг. Түүний үнэнч албатууд гадуур ажилч шоргоолж шиг чимээгүйхэн хөдөлмөрлөж байна. МАН орон нутгийн сонгуульд оролцох мөнгөгүй болжээ.
Харин Ц.Нямдорж л байгаагаараа “Энхрий хайрт МАН мандтугай” хэмээн давшилтад орж, бас хориглож байна. Түүний цусанд хуучин Ху намаас улбаатай яс махны намч үзэл байдаг бололтой. Тэгээд энхрий хайрт руу нь өнгөлзөгч этгээдийн өөдөөс өөрийн биеийг үл хайрлан тэмцдэг. Яг л Зөвлөлт эх орны дайны үед пулемётын амыг цээжээрээ халхалсанорос цэрэг Александ Матросов шиг. Үүнийх нь төлөө түүнийг буруутгахгүй. Харин ч баяр хүргэмээр. Уг нь МАН эгнээндээ 300 мянган гишүүнтэй гэдэг. Аливаа том, жижиг ялалтын дараа бялуу хуваахад цөөнгүй лидер тодорч, хот хөдөө, өнгө зүсээрээ ялгарсан фракцууд амилж, хувь хишгээс хоцордоггүй. Ийм л үед тэд энхрий хайрт намынхаа далласан газар нь ил гардаг.
Харин цөс ихтэй, шазруун зантай, шулуухан үгтэй, нутгийн аялга нэвт шингэсэн яриатай Ц.Нямдорж хэцүү үед МАН-ын галын шугам дээр ганцаараа улаан тугаа намируулж явдаг. Түүний энэхүү араншинг намынх нь томчууд үнэнхүү биширсэн дүрээр үдэж, “тулалдаанд зөвхөн хашрууд ниснэ” гэдэг шиг мань хашир л үзэж алддаг. Хэн ч түүнд илээр дэм өгөхгүй болохоор өөрийгөө өмөөрөх зөн совингоороо үнэнч шударга зан, хуульч хүний эрхэм зорилго, мэдлэг чадвар, дадлага туршлагаараа бамбай барихаас өөр аргагүйд хүрдэг.Магадгүй тэр заримдаа хэтэрхий бухимдсандаа ам нь толгойноосоо түрүүлж ажилладаг байж магадгүй. Хэн ч Нямдоржийг өрөвддөггүй, өөрөө ч өрөвдүүлэхийг ерөөсөө хүсдэггүй.
Тээр жил Л.Гүндалайтай энгэр заамаа хуваалцах шахаж байсан ч цагаан сараар хуурай ах дүү хоёр шиг хөөрөг зөрүүлж харагдсан. Нямдоржийг Гүндалайтай наасан “Наалдан пад” цавуу ч худалдаанд шаггүй борлогдсон гэнэ билээ. Ингээд бодоход эргэж өс зангиддаггүй эр хүний хугархай ч юм уу даа.
Цөс ихтэй энэ хүний бусадтай шөргөөцөлдсөн, хууль хяналтын байгууллагын анхаарлыг татсан асуудал болгон дандаа шударга ёсны тухай байдаг. Харамсалтай нь түүнийг барьж авчраад өмчилж минийх, чинийх гэх аргагүй юм. Эрх зүйн үнэлгээнээс гадуур өөр үнэлгээ шударга ёсонд байхгүй гэж философид үздэг. Эртний Грекийн нэрт онолч Пифагор “Үнэн мөний суурь бол “шударга ёс”, ухаан солиотой хүнд илд бариулах, шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай” гэж хэлсэн байдаг. Тэгвэл 30 жил төрд зүтгэж, гурван удаа Хууль зүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж илд эргүүлж, эрх мэдэлдээ эрдсэн бол энэ төрийг сүйдэлчих байж. Хэрвээ МАН-д шударга ёс, шударга зарчим үйлчилдэг нь үнэн л юм бол Ц.Нямдорж тус намын ганц гал хамгаалагч нь юм уу. МАН даллахад толгойд нь явдаг фракц лидерүүд МАН руу далайхад яагаад нуувчинд суучихдаг юм бэ. Уг нь энэ намын нэрээр амттай болгоноос түрүүлж амсдаг, амжилт болгоных нь бурмыг түрүүлж хүртдэг хот хөдөө, зүүн барууны холбоо фракцын лидерүүд одоо нам жим.
Ерээд оны сүүлчийн хүнд үед Ө.Энхтүвшин МАХН-ын удирдлагад ажиллан ялалтад хүргэж байсан туршлага бий. Одоо МАН энэ лидертээ найдаж байна.
Х.Улз
СЭТГЭГДЭЛ БИЧИХ