Монголын оюутан шатарчид медальд хүрч чадсангүй

img

Наймдугаар сарын 20-ны даваа гаригт Португал улсын Гимараеш хотноо эхэлсэн шатрын Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөв. Манай улсаас ФИДЕ-гийн мастер А.Энхтуул, Б.Ану, спортын дэд мастер Б.Билэгжаргал нар эмэгтэйчүүдийн, спортын дэд мастер Б.Галмандах, Р.Амгаланбаатар, Б.Ариунбүүвэй нар эрэгтэйчүүдийн ангилалд оролцов. Швейцар системээр есөн өрөг тоглосны эцэст 10 улсын 22 эмэгтэй шатарчнаас А.Энхтуул, Б.Билэгжаргал, Б.Ану нар адилхан 5 оноогоор 7-9 дүгээрт бичигдлээ. Монгол бүсгүйчүүд хоорондоо таарч тоглоход Энхтуул хоёуланд нь ялж, Б.Билэгжаргал-Б.Ану нар оноо хуваалцсан байна. Харин эрэгтэйчүүдийн ангилалд 17 орны 40 шатарчин өрсөлдсөнөөс манай Б.Ариунбүүвэй 5 оноогоор 13 дугаарт, Б.Галмандах, Р.Амгаланбаатар нар 4 оноогоор 24-26 дугаарт бичигдлээ. Хятадын их мастер Бү Сяньзи хожигдолгүй 8 оноогоор түрүүлсэн бол Польшийн Кшиштоф Булски, Марчин Тазбир нар 6,5 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ. Багийн дүнгээр БНХАУ-ын баг 21 оноогоор тасархай түрүүлж, Польш 18,5, ОХУ 17, Монголын баг 15 оноогоор удаалaв. 2010 онд Швейцарийн Цюрихт болсон оюутны ДАШТ-ээс хувийн дүнгээр манай их мастер Б.Мөнгөнтуул алт, холимог багийн дүнгээр мөн алтан медаль хүртэж түүхэн амжилт үзүүлж байсан юм. Монголын оюутны шигшээ баг нь анх 1994 оны Болгарын Софи хотноо болсон оюутны ДАШТ-ээс ОУМ Ц.Батцэцэг мөнгөн медаль, 2000 онд Болгарын Варна хотноо зохиогдсон тэмцээнд багаараа хүрэл медаль, 2002 онд Улаанбаатар хотноо болсон оюутны дэлхийн аваргын 7 дугаар тэмцээнд Монголын баг хүрэл, хувийн төрөлд ОУМ Б.Анхчимэг хүрэл медаль, 2008 онд ОХУ-ын Новокузнецк хотноо зохиогдсон ДОАШТэмцээнд багаараа хүрэл медаль тус тус хүртэн амжилттай оролцож байсан юм. Мөн 2011 онд БНХАУ-ын Шeнжeнь хотноо болсон Универсиад наадмын шатрын тэмцээнд их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртсэн билээ. Харин 2013 онд ОХУ-ын Казань хотноо болох Универсиад наадмын хөтөлбөрт шатрын төрөл дахин орсон юм. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi:
Neg AUTOGARAJ-d bolson temtseen yum bizdee
2012-08-27