
Нийслэлд төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа зам барилгын ажлын явцтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр танилцлаа.
Яармагийн гүүрнээс Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл зургаан эгнээтэй 13,7 км замыг 28,2 тэрбум төгрөгөөр “НКВ интернэшнл холдинг" компани энэ оны тавдугаар сарын 24-нөөс эхлэн 2013 оны 10-р сарын 15-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг Нийслэлийн Засаг дарга Ерөнхий сайдад танилцуулсан. Тус замын хувьд ус зайлуулах төхөөрөмжтэй ногоон байгууламж бүхий иж бүрэн цогцолбор байх юм.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт Зүүн дөрвөн замаас Ботаникийн эцсийн буудал хүрэлх 4,1 км автозамын барилгын ажлыг танилцуулав. Хөгжлийн банкны санхүүжилтээр нэг тэрбум төгрөгийн өртгөөр хийж байгаа зам засварын ажлыг “Ялгуусан“ компани барьж байгаа аж.
Уг зам 4,1 км урттай хоёр урсгалтай дундаа ногоон байгууламж, ус зайлуулах төхөөрмжтэй байх юм. Замын засвар, шинэчлэлтийг 2013 оны наймдугаар сард ашиглалтад орох тухай тус компанийн талбайн инженер И.Энхтөр хэлсэн нь Ерөнхий сайд Н. Алтанхуягийг “Манай компаниуд он дамжуулж зам барьдаг энэ үйлдлээ зогсоогооч. Зам барих дулааны улирал богино байдаг. Иймд богино хугацаанд хэд хэдэн компани зэрэгцэж ороод замын ажлыг хурдан дуусгаач. Дахиад ажил олдохгүй, мөнгө нь орж ирэхгүй байх гэж замын компаниуд битгий ай. Замын мөнгийг шууд гаргана. Харин тендерийн хуульд ямар өөрчлөлт оруулмаар байна. Тэр саналаа холбогдох албаныханд өгөөрэй. Хотын дарга Э.Бат-Үүл 19 зам барилгын ажил зэрэг хийж байна. Үүнийг барьж дуусгагахд 130 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн. Түүнийг нь Хөгжлийн банкнаас гаргаж өгсөн. Энэ жишгээр хөрөнгө мөнгийг Засгийн газар саадгүй гаргана. Харин манай хүмүүс ажилдаа сэтгэл гаргаж өөриймсөг хандаж сайн хийгээрэй. Энэ л чухал” гэж хэлэхэд хүргэсэн.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг авто замын өргөтөгөл, шинэчлэлт, барилгын ажилтай танилцах явцад, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх, Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх, нийслэлийн Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од, Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн Засаг дарга Ж. Ганхуяг, Б.Батзориг нар дагалдан явлаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ