“Их Хуралдай”-д чуулсан рок попынхны үдэш

img

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тэмдэглэлт ойгоо тохиолдуулан Үндэсний хөгжмийн их найрал рок поп одод хамтран “Их хуралдай” тоглолтыг өнгөрсөн бямба гаригт Соёлын Төв Өргөөнд хийсэн юм. "Ногоон хивс"-ний ёслолоор эхэлсэн уг тоглолыг нээж Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, ҮДБЭЧ-ын захирал Г.Цогтгэрэл үг хэлсэн. Тоглолтын салхийг Үндэсний хөгжмийн их найралын уран бүтээлчид Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын "Сэрсэн тал" аялгууг эгшиглүүлснээр хагалсан юм. Улмаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд " Хээрийн салхитай аялгуу", "Миний хоёр эрдэнэ" дуугаа Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчидтэй хамтран тайзнаа амилуулсан нь "Их хуралдай"-д хуран чуулсан үзэгч олны сэтгэлийг ихэд хөдөлгөж байсан юм. Үргэлжлүүлэн дуучин С.Наран "Аавдаа очоод үнсүүлэхсэн", “Sweetymotion” хамтлаг "Ингэн тэмээний дуу"-гаа дуулсан бол МУГЖ дуучин Б.Сарантуяа энэ удаагийн тоглолтод "Тэр намайг дурсдаг болов уу", "Зүүдний говь" зэрэг дөрвөн ч дуугаа дуулж, басхүү ардын бүжиг бүжсэн нь үзэгчдэд зориулсан бас нэгэн гэнэтийн бэлэг байлаа. Мөн дуучдаас гадна хөгжмийн зохиолч Б.Чинбат "Мандухай цэцэн хатан", "Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй", хийлч Ч.Дэлгэрцэцэг "Сэтгэлд шингэсэн говь", гитарчин Д.Өлзий-Орших “Адуучин” аялгууг тус тус тоглосон. "Адуучин" аялгууг сонссон үзэгчид Өөжгийг дахин нэг аялгуу тоглож өгөхийг нэхэн алга ташилтыг тасралтгүй үргэлжлүүлж байсан юм. Үүнээс гадна Үндэсний хөгжмийн их найралынхан үндэснийхээ аялгуунаас гадна "The Bee Gees" хамтлагийн "How Deep is your love" зэрэг сонсогч олны сэтгэл хоногшсон гадаадын аялгуунаас сонордууллаа. Энэ бүх аялгуунууд тус чуулгын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Баянбаатар, Р.Ганбат нарын дохиур гайхамшигтай эгшиглэж байсныг дурдах нь зүйтэй болов уу. Рок попынхон уран бүтээлээ монголынхоо уламжлалт хөгжмийн зэмсэгтэй хослуулан, үндэснийхээ өв соёлыг уран бүтээлээрээ дамжуулан туурвиж байгаагаараа онцлог байсан энэхүү тоглолт гурван цагийн турш үргэлжилсэн бөгөөд үзэгч олны нижигнэсэн алга ташилт энэ хугацаанд тасраагүй юм. Ийнхүү нэгэн үдэш чуулсан уран бүтээлчид "Халуун элгэн нутаг" дууг Соёлын төв өргөөнд хуран чуулсан үзэгч олонтойгоо хамтран дуулснаар "Их хуралдай" өндөрлөсөн юм. Д.Цэцэг Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huduunii malnuud
2012-08-27