Хятадууд Буянт-Ухаад 10 дахь алтан медалиа зүүлээ
Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 22 дахь удаагийн тэмцээн нийслэл хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Өчигдөр тэмцээний аваргын төлөө БНХАУ, БНСУ-ын баг өрсөлдөж 93:91-ийн харьцаагаар манай урд хөршийн баг ялалт байгуулсан юм. Өмнөх тоглолтуудад бүх учраагаа илт давуу ялсан Хятадын баг тивийн өрсөлдөөнд байнга эцсийн шатанд тулдаг БНСУ-ын багтай эн тэнцүү тоглосон. Солонгосчууд бүх үеийн турш оноогоор хошуучилж явсан ч эцсийн мөчид хятадууд оноог тэнцүүлж улмаар ялалтыг гартаа оруулсан билээ. Тэмцээнд шар тивийн 16 улсын баг орсноос Хонконг, Сингапур, Казакстан, ба манай улсын баг эхний шатанд хасагдсан. Харин хоёрдугаар хэсгээс Бахрейн, Индонез, Энэтхэг, Сирийн баг хасагдаж, Тайвань тавдугаар байрт, Филиппин зургадугаар байрт, Ливан долдугаар байрт, Саудын Араб наймдугаар байрт тус тус шалгарсан юм. Түүнчлэн Ираны баг хүрэл медалийн эзэд болж, Японы баг тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарсан. БНХАУ-ын баг ийнхүү аваргын алтан медалийг 10 дахь удаагаа хүртэж байна.

























Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ