Исаак шуурга Флоридаг чиглэж байна

img

Исаак нэртэй халуун орны шуурга Карибын тэнгисийн орнуудад сүйрэл тарьж, Гаитид хэд хэдэн хүн амиа алдсан. Шуурганы уршгаар Кубад үер болж, цахилгаан тасарсан бол Доминикан улсад гурван хүн ор сураггүй хэвээр байна. Тэдний нэг нь Санто Доминго хотын дарга юм. Тэгвэл уг шуурга цааш АНУ-ыг чиглэн явж байгаа бөгөөд хамгийн эхэнд өртөх муж нь Флорида байх аж. Мөн Луизиана, Миссисипи, Алабама мужууд Флоридагийн адилаар онцгой байдал зарлаад байна. Шуурганы аюулаас сэргийлж хэдэн зуун нислэг хойшлогдож, нефть болон шатахууны зарим үйлдвэрлэлтийг зогсоожээ. АНУ-ын БНН Флоридагийн Тампа хотод хийх байсан хурлаа хойшлуулсан байна. Уг хурлаар Митт Ромни албан ёсоор тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гэдгийг зарлах байсан юм. Хар салхи судлах Үндэсний Төвийн мэдээлснээр өнөөдөр өглөө (манай цагаар 08:00 цаг) Исаак шуурга 105 км/цагийн хурдтай байсан бол ирэх 24 цагийн дотор хар салхины хэмжээнд хүрч болзошгүй гэнэ. Мексикийн булангийн дулаан ус нөлөөлж Исаак улам ширүүсэн хурд нь 170 км/цаг хүрэх төлөвтэй байгаа бөгөөд мягмар эсвэл лхагва гаригт Флорида, Луизиана мужийн хооронд газардах таамаг байна. Исаак нь асар том шуурга бөгөөд ойрын 300 км-т онцгой хохирол үзүүлэх чадалтай аж. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ