Энхийг сахиулах ажиллагааны экспертүүдийн уулзалт болж байна

img

Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улстай хамтран өнөөдөр Улаанбаатар хотноо АСЕАН-ы бүсийн чуулга (AРФ)-ын “Энхийг сахиулах ажиллагааны экспертүүдийн тав дахь удаагийн уулзалт“-ыг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалтын нээлт дээр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, Индонезийн Улс төр, Эрх зүй, Аюулгүй байдлын яамны АСЕАН-ы асуудал хариуцсан хэлтсийн орлогч дарга Висну Эди Пратигнёо,  Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар үг хэлэв. Энэ удаагийн уулзалтыг “Бүс нутгийн энхийг дэмжих төвүүдийн хамтын ажиллагаа, энхийг сахиулагчдыг бэлтгэх сургалтын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлууд” сэдвийн дор зохион байгуулж буй бөгөөд Монгол Улс олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Уг уулзалт Таван толгой дахь Энхийг дэмжих төвийг энхийг сахиулагчдыг бэлтгэх бүс нутгийн чанартай төв болгох манай бодлогыг хэрэгжүүлэхэд тус дэм болох утгаараа чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж үзэж байна. АРФ үйл ажиллагаагаа 1994 онд эхэлсэн, Ази, Номхон далайн бүс нутгийн 27 улс орныг нэгтгэсэн улс төр, аюулгүй байдлын асуудлаарх албан ёсны яриа хэлцээний үйл явц бөгөөд Монгол Улс энэ үйл явцад 1998 онд нэгдэн оржээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ