Хятадын үйлдвэрлэлт уналттай байна

img

Банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “HSBC” компанийн гаргасан урьдчилсан үзүүлэлтээр хятадын үйлдвэрлэлийн явц сүүлийн есөн сарын байдлаар уналттай гарсан нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд түгшүүрийн дохио илгээж байна. Наймдугаар сард хятадын үйлдвэрлэлийн үзүүлэлт 47,8 индекс байсан нь долдугаар сарын үзүүлэлт 49,3-тай харьцуулахад унасан байна. Энэ нь хятадын индекс арав дахь сардаа үргэлжлэн унасан явдал болж байна. 50-аас дээш үзүүлэлт үйлдвэрлэлийн явцын өсөлтийг харуулдаг бол 50-аас доошхи нь эсрэгээрээ байдаг. Дэлхий нийтийн эдийн засгийн шуурга хятадын үйлдвэрлэгчдийг ч хүнд байдалд оруулж байгаа юм. Эдийн засгийн өсөлт болон хөдөлмөрийн зах зээлийг тогтворжуулахын тулд Бээжин бодлогоо зөөлрүүлж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг сайжруулах хэрэгтэй хэмээн HSBC зөвлөж байна. “Хятадын эдийн засаг сулрах нь азид нөлөөлнө. Хятад азид шийдвэрлэх байр суурьтай байдаг, иймээс үүний уналт нь экспортод төвлөрдөг БНСУ, Тайван гэх мэт улсуудад сөргөөр нөлөөлөх юм” хэмээн Японы санхүүгийн компани Номурагийн эдийн засагч Жан Живэй хэллээ. Хятадын экспортын бүтээгдэхүүний дийлэнх хэсэг нь БНСУ, Япон, Тайван улсуудын эд анги, материалыг ашигладаг. Иймээс Хятадын эдийн засаг удаашрах нь ойрын ирээдүйд  азийн хувьд ихээхэн хямрал үүсгэх магадлалтайг ноён Жан хэлсэн юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ