
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү өнөөдөр Монголын Хүүхдийн ордны урилгаар манай улсад айлчилж байгаа БНСУ-ын Сөүл хотын Ендыпно дүүргийн “Мулле” хүүхэд, залуучуудын төвийн багш, сурагчдыг хүлээн авч уулзлаа.
Монголын хүүхдийн ордон нь 2008 оноос эхлэн “Мулле” Хүүхэд залуучуудын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. Энэ хүрээнд жил бүрийн зургадугаар сард Монголын хүүхдийн ордны гурван багш, 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй Сөүлд очин Солонгос улсын хөгжил цэцэглэлт, түүх соёлтой танилцаж, ахуй амьдрал зан заншлыг танин мэдэх уламжлал тогтсон байна.
Одоогийн байдлаар Монголын хүүхдийн ордноос 15 багш, 100 гаруй хүүхэд Сөүлд зочилжээ. Харин Солонгосоос гурван багш, 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй баг манай улсад энэ сарын 22-нд ирсэн бөгөөд Нийслэл хотын төв талбай болон томоохон музейнүүдийг үзэж сонирхсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ