
“Мөрөөдлийн театр” тайзны гурав дахь бүтээлээ тун удахгүй өлгийдөн авах гэж буй. “Хайртай бол эргэж хараарай” уянгын, инээдмийн драмын жүжгээ Тусгаар тогтнолын ордонд тоглож байсан тэд өдгөө хаана сюрприз дэлгэхээ нууцалж байгаа аж. Тус театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрхэмбаяртай уулзаж ярилцсанаа хүргэе.
-Театрынхаа нээлтийг хийснээс хойш уран бүтээлээр эрчимтэй “бөмбөгдөж” байна шүү?
-Тийм шүү. Яг үнэндээ залуу хүн завгүй явах сайхан юм байна гэдгийг л маш сайн ойлголоо. Завгүй байх сайхан, тэр тусмаа цаг хугацааг хий дэмий өнгөрөөж болохгүй. Уран бүтээл хийж “Мөрөөдлийн театр”-аа хөл дээр нь босгох, өөрсдийн гэсэн үзэгчтэй болох хэрэгтэй учраас бидэнд төлөвлөсөн ажил маш их бий. “Яаж ийм олон ажлыг амжуулах вэ” гэж хоорондоо ярилцаад тодорхой хугацаа хүртэл заасан байгаа.
-“Миний аавын нууц хүү” жүжиг тань нэлээд хошин өнгө аястай байсан. Түүний дараа хоёр өөр төрлийн уран бүтээлээ дэлгэсэн. Тэгэхээр театрын уран бүтээл нэг хэв загварт баригдахгүй нь ээ?
-Тэгэлгүй яахав. Үүгээрээ манай театр их онцлогтой. Яагаад гэвэл, уран бүтээлчид маань хошин шогоос гадна драмын урлагийн мэдрэмжтэй улс. Энэ ч утгаараа, бид аль нэг төрлийг дагнасан уран бүтээл хийхгүй. Хошин шог болон драмын чиглэлээр уран бүтээл хийх чадвартай учраас бидэнд сонголт олон бий. Тэгээд ч бид нар залуу хүмүүс шүү дээ. Зөвхөн энэ жалгандаа ч юмуу, тодорхой нэг хүрээнд баригдаж амьдрах утгагүй. Гадаад харилцаагаа сайжруулж Солонгос, Буриадын уран бүтээлчидтэй харилцан туршлага солилцох тал дээр анхаарч эхэлсэн. Гадны уран бүтээлчид ямар ур чадвартай, урлагийн хөгжил нь ямархуу түвшинд хүрсэн болохыг судалж мэдэх шаардлагатай. Энэ ч утгаараа, ирэх жилийн уран бүтээлийнхээ төлөвлөгөөнд багтааж ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотын театраар явах ажил бий.
-Алтаншагай та хоёрыг энд тэндхийн чадварлаг уран бүтээлчдийг “уруу татлаа” гэх яриа ч сонсогдож эхэллээ?
-Өө, биднийг янз бүрээр л ярьж байгаа. Шагай бид хоёрын тухай “Театраас хөөгдсөн, цалингаа голсон” гэх яриа зөндөө гарсан. Батааг ч “Х-Түц” продакшнаас гарахад “Гадуурхагдаад явлаа” гээд элдвээр гоочилсон нь бий. Залуу уран бүтээлчид санаа, зорилго нэгдээд “Мөрөөдлийн театр” байгуулсан хэрэг. Түүнээс биш бид нар энд тэндээс урваагүй, бас хөөгдөөгүй. Ийм театр Монголд байх нь зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа уран бүтээлчид нийгмээсээ тав зургаан шатаар түрүүлж алхах ёстой. Харин бид бүр арав гаруй шатаар түрүүлж алхах хэмжээнд очих ёстой гэсэн үүднээс энэ театраа байгуулсан юм. Хаа нэгтээгээс урваж ирээгүй, бас хэн нэгнийг урвуулаагүй. Нэг зүйл нэмж хэлэхэд, бидэн рүү урлагийн сургуулийн төгсөх курсын оюутнууд болон төгсөөд удаагүй байгаа жүжигчид маш их ярьдаг шүү. “Танай театрт орьё, ямар шалгалт өгөх вэ” гэж байгаа нь үнэхээр сайхан санагддаг юм. Бид нар их зөв алхам хийж, зорьсон зүйлдээ хүрч чадсаны маань илрэл энэ болов уу.
-Тэгвэл залуу уран бүтээлчдэд ямар шалгуур тавих вэ?
-Авьяастайгаас гадна урлагаа гэх сэтгэлтэй байх нь чухал. Бид нар энэ сэтгэлийн тухай маш их ярьдаг. Би драмын театрт хоёр жил цалингүй ажилласны дараа дагалдан жүжигчин болж байлаа. Энэ хугацаанд ар гэр, амьдрал ахуй минь ямархуу хэмжээнд байсан нь тодорхой. Би тэр бүх асуудлыг хэрхэн даван туулсан бэ гэх ч юмуу зовлон жаргалаа яривал их юм бий. Гэхдээ энэ бүхэн маань урлагтаа хайртай, үнэнч байсны шинж байхгүй юу. “Х-Түц”, “Шинэ үе” гэх мэт 10-15 жил болсон продакшнууд шиг тодорхой тогтсон байр суурь одоогоор бидэнд алга. Тиймээс цалин хангамж болон бусад зүйлээр амлалт өгч, уран бүтээлчдийг уриалж дуудахгүй ээ.
-Яг одоогоор хэдэн уран бүтээлчтэй ажиллаж байна вэ?

-“Мөрөөдлийн театр”-т маань одоо надаас гадна жүжигчин Алтаншагай, Баттөмөр, Баттулга, Дөлгөөн, Чука нар байна.
-Реклам сурталчилгаанд тоглох нь олширсон олны танил жүжигчдэд театрын ажлын хажуугаар зав гарах юмуу?
-Бараг гарахгүй дээ. Шагай, Батаа хоёр маань чанартай, сайн уран бүтээлээрээ олонд танигдсан жүжигчид болохоор реклам сурталчилгааны санал их ирдэг юм. Яахав, театрын дүрэм журмын дагуу хоорондоо ярилцаж байгаад энэ мэт ажилд анхаарах байх. Хамгийн гол нь, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлийг хэзээ ч цалгардуулж болохгүй.
-Сонгууль ойртоод ч тэр үү, сүүлийн үед захиалгын чанартай уран бүтээл цөөнгүй гарч байгаа. Иймэрхүү санал ирж байна уу?
-Яг одоогийн байдлаар, захиалгын чанартай уран бүтээлийн санал ирээгүй байна. Хэрэв ирвэл хоорондоо ярилцаж байгаад шийдвэр гаргана даа.
-Урлаг улстөржих хэрэгтэй гэж үү?
-Үгүй ээ, урлаг улстөржих ёсгүй. Тэр тусмаа “Мөрөөдлийн театр” улстөржихгүй. Энэ театрынхан зөвхөн мөрөөдлийн уран бүтээлээ л хийнэ.
-Мөрөөдлийн уран бүтээлээ хийхэд тань мөнгөний хөшүүрэг саад болохгүй гэдэгт итгэлтэй байдаг уу. Татгалзахааргүй амлалт дагуулсан санал ирвэл..?
-Сайн хэлж мэдэхгүй юм. Тухайн үед нь л шийдэх байх л даа, тэр ажлыг.
-Алтаншагай “Аравт” кинонд тоглосон. Та нарт ч бас түүхэн сэдэвтэй бүтээл хийх бодол байгаа байх?
-Тийм ээ, маш гоё асуулт байна. “Мөрөөдлийн театр”-ын ойрын, дунд, холын төлөвлөгөөнд багтсан уран бүтээлүүд зүрх сэтгэлд минь бий. Хувь хүний үүднээс авч үзвэл, түүхэн сэдэвтэй уран бүтээл хийх бололцоо байгаа хэдий ч бид “Мөрөөдлийн театр” гэсэн нэгэн цөм учраас ойрын хоёр гурван жилдээ ийм бүтээл хийх бодол алга.
-Тэгвэл хувь уран бүтээлчийн тухайд?
-Театраа хөл дээр нь босгож, өөрсдийн гэсэн үзэгчтэй болсны дараа ийм бүтээл дээр ажиллах байх. Магадгүй, түүхэн сэдэвтэй кино хийх ч юм билүү. Шагай маань Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтарч хийсэн “Аравт” кинонд баатрын дүр бүтээсэн шүү дээ. Үүнтэй адилаар түүхэн сэдэвтэй уран сайхны кинонд тоглох татгалзахааргүй сайхан санал ирвэл би хүлээж авна. Би драмын театрт найман жил ажиллалаа. Энэ хугацаанд тэр сайхан хамт олноос олон гайхалтай зүйл сурч авсан. Тайзан дээр уран бүтээлч нөхдийнхөө дунд байхад олон зүйлийг сурч авдаг учраас би тэдэндээ үргэлж баярлаж явдаг юм. “Парисын дарь эхийн сүм” жүжиг тавигдахад нь эргэж очоод тоглосон чинь маш сайхан байсан. Би урьд нь түүхэн сэдэвтэй “Атга нөж”, “Ану хатан”, “Саран хөхөө” зэрэг гайхалтай уран бүтээлүүдэд тоглож байсандаа баярладаг.
-Та урлагаас юуг авсан гэж боддог вэ?
-Би бол залуу уран бүтээлч. Урлаг надад олон гайхалтай зүйлийг өгсөн. Гэхдээ энэ бүхэнд эд материал, мөнгө төгрөг багтаагүй юм шүү. Урлаг надад өөрөөрөө байхыг, бас хүн байхыг л зааж өгсөн. Мөн урлаг надад үнэнч, сэтгэлтэй байхыг ойлгуулж өгсөн дөө.
-Гэр бүлийн тань талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Яагаад өдий болтол нууцлаад байдаг юм бэ?
-Яг үнэндээ би хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай ярих дургүй. Уучлаарай гэж хэлье дээ.
-“Мөрөөдлийн театр”-ынхны хамгийн том мөрөөдөл юу бол?

-Бидний хамгийн том зорилго бол Монгол Улсад өөрийн гэсэн том “Мөрөөдлийн театр”-тай болох. 100-200 хүний суудалтай маш гоё театр сүндэрлэн босч, шинэ сонирхолтой уран бүтээлүүдээр үзэгч олноо байлдан дагуулах тэр цагийг тэсэн ядан хүлээдэг. Магадгүй, нэгэн цагт бид энэ театрынхаа ахмад уран бүтээлчид нь болчихоод залуу жүжигчдийнхээ тоглолтыг хүндэтгэлийн суудлаас үзээд байж байх ч юм билүү. Энэ мөрөөдөл маань биелнэ ээ. Уншигчиддаа хандаж хэлэхэд, хүн болгоны хүсэл мөрөөдөл биелэхэд ойрхон байдаг юм шүү. Бидний хүсэл мөрөөдөл биелж, өөрийн гэсэн “Мөрөөдлийн театр”-тай болсон. Мөрөөдөл бүхэн биелдэг юм, харин түүнийхээ төлөө үнэнч байгаарай.
-Алтаншагай “Гэгээн Муза-2011” наадмаас шагнал авах мөчид “Театрын маань билэг тэмдэг бол зогсолтгүй өгсөх шатны гишгүүр” гэж байсан. Энэ бүхнээ та нар өөрсдөө сонгосон уу?
-Тийм ээ, бүгд ярилцаж байгаад шийдсэн. Шат бол амьдралын алхам, бас дээшээ өгсч өөдлөх гайхалтай зүйл гэсэн утгаар нь билэгдсэн. “Мөрөөдлийн театр” гэсэн нэрийг манай найзууд их бэлэгшээж хүлээж авсан шүү. “Мөрөө үлдээгээд дээшээ өөдлөхийн шинж” гээд хэлж байсан нь их гоё санагдсан.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ