
Колумбын хувьсгалт “ФАРК” бүлэглэл Засгийн газартайгаа тэмцээд 50 орчим жилийн нүүр үзэж байгаа билээ. Тэгвэл энэ бүх тулаан дуусахад ойртсон бололтой. Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос Засгийн газар нь босогчдын бүлэглэлтэй хэлэлцээр хийхээр болсныг батлан хэлсэн байна.
Босогчид Засгийн газраас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, гэрээгээ мөрдөхгүй байснаас ЗГ босогчдын бүлэгтэй хэлэлцээр хийхээс татгалздаг байсан юм. Тэгвэл талууд Кубын нийслэл Гаванад гэрээ хийж, аравдугаар сард найрамдлын хэлэлцээр хийх болсон тухай хэвлэл мэдээллүүд ярьсан байна.
Өнгөрсөн наймдугаар сард тухайн үед ФАРК-ын удирдагч байсан Альфонсо Кано бүлэг нь найрамдлын хэлэлцээр хийхэд бэлэн болсон тухай хэлж байсан юм. Түүнээс хойш ЗГ, босогчдын төлөөлөгчид Кубын нийслэлд нууц уулзалт хийж байгаа тухай яриа чих болсон билээ.
Орон нутгийн мэдээллийн хэрэгсэл “Телесур”-ын мэдээлснээр хэлэлцээрийн эхний шат аравдугаар сарын 5-нд Норвегийн нийслэл Ослод явагдах юм. Хэлэлцээрт оролцогчид яриагаа цааш Гаванад үргэлжлүүлэх гэнэ.
Хоёр жилийн өмнө албан тушаалдаа суусан Ерөнхийлөгч Сантос найрамдлын хэлэлцээ хийх хүсэлтээ илэрхийлдэг байсан бөгөөд энэ нь өмнөх Ерөнхийлөгч Альваро Урибегийн шүүмжлэлд өртөж байсан юм.
ФАРК бүлэг мөн гуравдугаар сард хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа ТББ руу захиа илгээн мэдэгдэж байсан.
Сүүлийн жилүүдэд Колумбын зэвсэгт хүчин босогчидтой тэмцэх тэмцэлд нилээн амжилт олж, хэд хэдэн гол удирдагчдыг нь хөнөөн олон хүнийг баривчлаад байна.
Гэхдээ сүүлийн саруудад босогчид тэмцлээ хурцатгаж гүүр, цахилгааны шон зэргийг бөмбөгдөж дэд бүтцийн гол зүйлүүдийг нураасан юм. Бүлэгт ойролцоогоор 8000 орчим босогч байдаг гэсэн тооцоог зэвсэгт хүчин гаргадаг.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ