Урлагийнханд одоо УИХ-ын танхимд дуулах л дутаад байх шиг

img

Уран бүтээлчид маань тоглолт хийчих аятайхан газар олдохгүй хэцүүдэж яваа сурагтай. Арай гайгүй гэсэн ганц хоёр газар нь болохоор тэнгэрт хадсан үнэ хэлээд тэгэхээс тэгэх гэсэн мэт гэдийж суух нь гачлантай. Тиймээс аргаа барсан урлагийнхан хямд үнэтэй боломжийн байр сав олдвол яаж ийгээд тоглолтоо хийчих санаатай зүтгэж буй гэх. Энэ ч утгаараа, сүүлийн үед хаана ч хамаагүй тоглодог болж. “UB palace”, Соёлын төв өргөө, Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, Улсын филармонийн байраа орхиод Монгол бөхийн өргөө, Спортын төв ордон, Үндэсний циркийг хэсч эхэллээ. Адаг сүүлдээ бүр Тусгаар тогтнолын ордноос халиад Төрийн ордонг зүглэх нь тэр. Нэг нэгэнтэйгээ барьцах мэт уралдаж “Төрийн ордонд тоглолтоо хийхгүй бол хэний хүү, охин болох вэ” гэж баахан хөөцөлдөж буй дуучдыг одоо яалтай билээ. Байтлаа бүр, УИХ-ын танхимд орчихоод хууль батлах гэж байгаа хэдэн улстөрчийн дэргэд понограмм тавьж мэдэх л хүмүүс шүү. Уг нь бид урлаг, уран сайхны арга хэмжээ, шоу тоглолтыг тусгай зориулалтынх нь байр сууц, орчин нөхцөлд нь үзмээр санагдах юм. Өөрөөр хэлбэл нам нь намаараа, урлаг нь урлагаараа байвал дээрсэн. Хэдэн жилийн өмнө хүчит бөхчүүдээ ордонтой болгож, барилдаан бүрийг нь алгасалгүй үзэх дуртай бөхийн хорхойтнуудын магнайг тэнийлгэсэн түүхтэй. Эртнээс улбаатай энэ сайхан уламжлалаа хадгалах их үйлст хэн бүхэн хувь нэмрээ оруулахыг хүсч, боломжийн хэрээр хандив өргөсөн санагдана. Гэвч улсын циркээс дутахааргүй сүндэрлэсэн мөнөөх Монгол бөхийн өргөө маань эрх мэдэл булаалдсан хэдэн нөхдөөс болоод түрээсийн байр болж хувирсан. Бөхийн барилдаанаас илүүтэй өглөө, үдэшгүй л урлагийн тоглолт өрнөдөг болсоор удлаа. Сүүлдээ бүр худалдаа үйлчилгээ, шашны цуглаан, намын уулзалт, найр хурим хийхэд хүртэл хэн дуртай нь хүссэн мөнгөө төлөөд ашиглаж эхлэв. Одоо тэнд өдөр бүр тоглолт болж, телевиз радиогоор сурталчилгаа нь цацагдахад хэн ч гайхахгүй. Цаашлаад энд тэндхийн баар, кафе, ресторан, шөнийн цэнгээний газарт тоглолт хийсэн ч болохгүй гэх газаргүй болж. Рок попын залуу уран бүтээлчид, жүжигчид хүртэл иймэрхүү газруудыг сонгон авч, өөрсдийн шоуг зохион байгуулдаг юм чинь. Үнэндээ мэргэжлийн талаас нь авч үзвэл, энэ мэт баар сав байтугай Монгол бөхийн өргөөнд ч тоглолт хийхэд тохиромжгүй гэдэг юм билээ. Аргагүй шүү дээ, ямар тоглолт хийхэд зориулж барьсан биш. Бөхийн барилдаан үзэх гэсэн хүмүүст хөгжмийн дуугаралт, тайз чимэглэлээс илүүтэй тохьтой суудал, дулаахан өргөө л байвал болоо. Гэтэл тэнд тоглолт хийж байгаа дуучид “Акустик дуугаралт байхгүй. Ямар ч дуу дуулсан, хүмүүст жинхэнэ утгаараа сайхан сонсогдохгүй” гэж ярьж байгаа нь гайхмаар. Нуулгүй хэлэхэд, энэ мэт чанарын асуудал тэдэнд огт падлийгүй л байхгүй юу. Студид бичүүлсэн бэлэн понограммаа тавьчихаад сайхан дээл хувцас, “ам барьсан” гэмгүй царайгаа харуулаад л гүйцээ. Тоглолтыг нь үзэж байгаа хүмүүст тээр хол байгаа дугуй тайзан дээрх дуучны “амьд хоолой” тийм ч сонин биш. Тэртээ тэргүй, “ам барьж” байгааг нь мэдэж байгаа учраас маргах зүйлгүй. Мэргэжлийн гэх тодотголтой зарим дуучны яриагаар бол, тэр чанар ханхалсан жинхэнэ газар нь Соёлын төв өргөө гэх. Ганц гэм нь, суудал багатай учраас цөөн тасалбар борлуулаад цөм “шатах” хүсэл хэнд нь ч төрөхгүй биз. Тэгээд л аргагүйн эрхэнд “UB palace”-ыг зорих боловч, нэг өдрийн тоглолт хийх түрээсийн төлбөр нь дэндүү өндөр. Байдгаа шавхаад тоглолт хийлээ гэхэд зардлаа нөхөх эсэх нь даанч бүрхэг болохоор уран бүтээлчдийг буруутгах хэцүү. Харин зарим нь бага боловч үнэтэй тасалбар худалдаж, олны танил  эрхмүүдийг үзэгчийн суудалд суулгах нь нэр төрийн хэрэг гэж үзэх нь бий. Нөгөөтэйгүүр, ийм тоглолт хийгээд “шатна” гэж байхгүй. Тйм учраас хамтлаг, дуучдын хувьд Тусгаар тогтнолын ордон гэх намын байр, Төрийн ордон зэргийг сонирхож эхэлсэн нь тодорхой биз ээ. Гэхдээ тэдэнд “ам барих” эсэх нь хамаагүй. Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн, тодорхой зориулалт бүхий урлагийн ордон л хэрэгтэй болсон цаг. Энэ мэт газар бэлэн байвал тэд юу гэж баар сав хэсээд, улстөрчдийн хажууд дуулж хуурдах гэж яарах билээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZAR:
2012 OND ORJ IRSEN 2005 ONII BMW X3 ZARNA 88003405
2012-08-28