
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өчигдөр Сингапураас Монгол Улсад суух Элчин сайд Петер Тан Хай Чуаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Сингапур хөгжлөөрөө дэлхийд гайхагддаг орон. Та манай оронд ирээд Улаанбаатар хотод хийх, шинэчлэх ёстой ажил их байгааг анзаарсан байх. Та бүхний дэмжлэг, туршлага бидний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бид удахгүй УИХ-аар 2030 он хүртэлх Нийслэлийн хэтийн төлөвлөгөөг батлуулах гэж байгаа. Мөн бидний хамгийн түрүүнд хийх ажил бол ил тод, авлигагүй улс болох явдал . Тиймээс танай улс авилгын эсрэг хамгийн үр дүнтэй тэмцэж чадсан орон учраас бид энэ талаар хамтарч, та бүхнээс туршлага судлахыг хүсч байна" гэлээ.
Харин Элчин сайд Петер Тан Хай Чуан "Та бүхэнтэй бүхий л талаар, өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хамтран ажиллахад хэзээд бэлэн байх болно. Та өөрөө болон бие төлөөлөгчөө манай улсад зочлуулж авлигатай хэрхэн тэмцэж, үр дүнд хүрсэн талаар туршлага судлахыг урьж байна. Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжинө гэдэгт найдаж байна" гэлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ