
Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад энэ сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны хооронд Туркийн Стамбул хотод болж байна. Өчигдөр тус олимпиадын нээлтийн ёслолын ажиллагаа болж, өнөөдөр Улаанбаатарын цагаар 20 цагаас эхний өргийн тоглолт албан ёсоор эхлэх гэж байна. 150 орны багаас 56-д эрэмбэлэгдсэн манай эрэгтэй шатарчид эхний даваанд тус олимпиадын 134 дэх эрэмбэтэй Фижи арлын шатарчидтай оноолт таарчээ. Харин 120 орны эмэгтэй багаас 21 дүгээрт бичигдсэн Монголын баг эхний шатанд 84 дэх чансаанд буй, тэмцээнийг зохион байгуулагч Туркийн 2-р багтай оюун ухаанаа сорих юм.
Дэлхийн шатрын олимпиадад манай улсаас эрэгтэй эмэгтэй тус бүр таван гишүүнтэй баг болон хоёр дасгалжуулагч, Олон улсын шатрын холбооны төлөөлөгч, Монголын шатрын холбооны төлөөлөгч нийлсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг явсан. Энэ жилийн багийн эрэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд олон улсын мастер Б.Гүндаваа, их мастер Д.Шаравдорж, их мастер Ц.Батчулуун, ФИДЕ-гийн мастер Г.Мөнхгал, ФИДЕ-гийн мастер М.Гүнбаяр нар багтсан бол тэднийг Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн дасгалжуулж байна.
Харин эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд их мастер Б.Мөнгөнтуул, их мастер Т.Батчимэг, олон улсын мастер Д.Янжиндулам, олон улсын мастер Б.Анхчимэг, ФИДЕ-гийн мастер С.Отгонжаргал нар багтжээ. Тэднийг МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан дасгалжуулан тус тэмцээнд оролцоно.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ