
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Япон Улс, БНСУ, БНАСАУ, БНАЛАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг тус тус хүлээн авч уулзсан байна. Элчин сайд нар Гадаад харилцааны сайдад шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож ярилцжээ.
Уулзалтын үеэр Япон Улсын Элчин сайд Т.Шимизү Япон, Монголын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд цаашид Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд дурдсан асуудлуудыг ажил хэрэг болгох талаар анхаарч хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
БНСУ-ын Элчин сайд Ли Тэ Ро БНСУ, Монгол Улс “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бүх салбарт хөгжүүлэх, тухайлбал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, солонгосын томоохон хөрөнгө оруулалтыг Монголд оруулах талаар идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ. Мөн монгол иргэдэд виз олгох нөхцлийг хялбаршуулах талаар ЭСЯ-ны зүгээс ойрын хугацаанд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн байна.
БНАСАУ-ын Элчин сайд Ри Чөл Гуан хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн чиглэлээр улам өргөжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.Харин БНАЛАУ-ын Элчин сайд Бүнньян Сайсанован Монгол, Лаосын харилцаа хоёр орны ард түмний эрх ашигт нийцэн амжилттай хөгжиж, хамтын ажилллагаа хөдөө аж ахуй, эрүүлийг хамгаалах, боловсролын салбарт өргөжиж байгааг тэмдэглээд, цаашид хоёр тал бүс нутаг, олон улсын талбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн байна. Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа гадаад бодлогод чухал байр суурь эзэлдгийг тэмдэглэж дээрх улсуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэн гүнзгийрүүлэх талаар идэвхтэй ажиллахыг онцлон тэмдэглэсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ