
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаас тодруулга авахаар албан тоот хүргүүлжээ. Энэ оны нэгдүгээр сард улс орны хэмжээнд монополь компаниуд үгсэн хуйвалдаж автобензин, дизелийн түлшний үнэ хэт өссөн үед улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, хууль зөрчсөн буруутай аж ахуйн нэгжүүдэд 17 тэрбум төгрөгийн торгууль тавьсан билээ. Уг торгуулийг Засгийн Газраас хууль бусаар томилогдсон гэж удаа дараа яригдаж буй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва хүчингүй болгосон нь эрхэм гишүүнийг ийнхүү бухимдуулжээ. Тэрээр дээрх 17 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгох нь ард түмний амьдралд шууд нөлөөлсөн хууль бус үйлдэл учраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвад ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцсон эсэхийг тодруулахаар шийдсэн гэнэ. Эрхэм гишүүн С.Ганбаатараас уг асуудлаар тодруулсан юм.
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвын талаар Ерөнхий сайдад ямар албан тоот хүргүүлсэн юм бэ?
-Монополь компаниуд хууль бусаар үгсэн хуйвалдаж, бензиний үнийг нэмж буулгахад ард түмэн маш их хохирсон. Тиймээс эдгээр компанид 17 тэрбум төгрөгийн торгууль тавьсан шүү дээ. Засгийн Газраас уг ажилд оролцож, бид ажлын хэсэг байгуулан хамтарч хийсэн зүйл. Улсын төсөвт энэ байдлаар 17 тэрбум төгрөг орох учиртай байтал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлах зөвлөлөөс дээрх компаниудыг үгсэн хуйвалдаагүй гэж торгуулийг нь болиулсан. Энэ шийдвэр буруу шүү дээ. Засгийн Газраас тухайн нөхцөл байдлыг ажлын хэсэг дээрээ яриад шийдсэн байтал яагаад ингэж няцааж байгаа юм бол. Би энэ асуудлаар өмнөх Засгийн Газарт зургаан удаа хандаж байсан. Харин одоогийн Засгийн газарт гурав дахь удаагаа хандаж байгаа минь энэ. Эхний удаад УИХ-ын чуулганы нээлт дээр хэлсэн бол дараа нь дахин хүсэлтээ илэрхийлсэн ч ямар нэгэн хариу авч чадаагүй. Тэсвэр тэвчээр минь алдагдаад гурав дахь удаагаа буюу өнөөдөр ард иргэдтэйгээ хамтарч хандаж байна.
Ерөнхий сайд аа, 17 тэрбум төгрөг гэдэг чинь үнэхээр их мөнгө. 170 мянган ахмад настан тус бүрт нь нэг сая төгрөг тараах хэмжээний мөнгө шүү дээ. Энэ мөнгийг бензин импортлогч компаниудаас авахаар гаргасан Засгийн Газрын шийдвэрийг хамгаалж өгөөч. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдах зөвлөл, эрхтэн дархтнуудад хариуцлага тооцооч гэж хэлмээр байна. Тэр 17 тэрбум төгрөг улсын төсөвт хэрэггүй бол цэцэрлэгт орж чадахгүй байгаа хойч ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Дээрх мөнгөөр дор хаяж 36 цэцэрлэг барина. Аймаг, дүүрэг бүр томоохон цэцэрлэгтэй болно гэсэн үг. Гэхдээ энэ бол тендерийн мөнгийг шингээсэн зардал шүү дээ. Тендерийн мөнгийг идэж уухгүй, шат болгондоо шингээчихгүй бол лав 70 цэцэрлэг баригдана гэж бодож байгаа. Тэгэхээр энэ боломжийг ард иргэдэд маань өгөөсэй.
-Та тойрогт зарцуулах нэг тэрбум төгрөгөө цэцэрлэг барихад зориулна гэсэн...
-УИХ-ын гишүүдийн авдаг өнөөх алдартай тэрбум төгрөг гэж байгаа. Гишүүддээ хандаж хэлэхэд, энэ жил уг мөнгөөрөө цэцэрлэг барих ажилд бүгдээрээ уухайлан оръё. Монгол орон даяар 76 тэрбум төгрөгөөр цэцэрлэг барьцгаая гэж би уриалж байна. Өнөөдөр цэцэрлэгүүдийн ачаалал маш их байгаа учраас багш, ажилтнууд үнэхээр хэцүү ажиллаж байгаа. 25 хүүхдийн нормтой цэцэрлэгт 40-45 хүүхэд байгаа тохиолдол зөндөө бий. Хамгийн ноцтой асуудал нь гэвэл, нэг хүүхэд идэх ёстой хоолны нормыг зарим үед хоёроос гурван хүүхдэд хувааж өгч байна. Хүүхдүүд орой цэцэрлэгээс ирэхдээ өлсч ундаассан байдаг нь нууц биш. Ийм арчаагүй, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх дургүй ард түмэн бол бид биш ээ. Тиймээс би Ерөнхий сайддаа дээрх асуудлыг хүндэтгэлтэйгээр илэрхийлж, гурав дахь удаагаа хандаж байна. Энэ талаар шийдвэр гаргаж, 17 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн санхүүжилтад оруулна. Их хурлын гишүүд элдэв долоон юманд мөнгөө үрэхгүй, цэцэрлэгт хөрөнгө оруулах ажилд бүгд сэтгэл, зүтгэл гаргана гэдэгт найдаж байгаа. Маргаашнаас эхэлж би Дархан-Уул аймагт очиж, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байгаа хүүхдүүдийн судалгааг гаргана. Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандаж, санхүүжилтийг нь гаргаж авах талаар хөөцөлдөнө.
-Өмнөх Засгийн Газарт зургаан удаа хандсан ч нааштай хариу сонсоогүй гэлээ. Тухайн үед дээрх асуудлыг хуулийн байгууллагад хандах ч юм уу, дараагийн шатны арга хэмжээг яагаад аваагүй юм бэ?
-Тэр үед надад “Чи шүүхэд л ханд” гэж хэлдэг байсан. Хэрэв шүүхэд хандвал энэ хэрэг нохойн замаар орно гэдгийг та нар мэднэ шүү дээ. Бараг гурван сарын дараа л замхраад алга болно. Тиймээс энэ бол захиргааны гэхээсээ илүүтэй улс төрийн хэрэг болчихоод байна. Сонгуулийн өмнө тэр 17 тэрбум төгрөгийн хэчнээн хувь нь сурталчилгаанд зарцуулагдсан бол. Чамаас 17 тэрбум төгрөг авахаа болилоо гэхэд хэтэрхий баярласандаа болоод ядаж нөгөө хүнээ хоолонд оруулна биз дээ. Сонгуулийн өмнө яг л иймэрхүү юм болоод өнгөрсөн. Тухайн үед энэ асуудлыг хүчтэй тавьж, ил гаргана гэхээр хардах хүн олон байсан. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос шийдвэр гаргаж, намайг УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэдгийг баталсан үе. Яг энэ тэмцлийн дундуур буюу гуравдугаар сарын 5-нд манай холбооны шийвэр гарсан. Миний бие УИХ-д сонгогдох нь тодорхой болсон байхад 17 тэрбум төгрөгийн асуудлыг сонгуульд зориулж сөхлөө гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зарим хүмүүс мэдэгдэл гаргаж байсан шүү дээ. Энэ тэмцэлд би ялах нь чухал. Гэтэл ард иргэдийнхээ төлөө хийж байгаа ажлыг минь сонгуультай хольж хутгасан нь хэтэрхий осолтой санагдаж, цаг хугацаа алдсан нь үнэн. Одоо би энэ асуудлыг ойрын үед шийдүүлнээ.
-Үүссэн асуудлын хүрээнд зөвшилцөлд хүрч чадахгүй бол та яах вэ?
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд би санал тавьж, шаардлага хүргүүлнэ. Харин нааштай хариу өгөхгүй бол энэ асуудлын талаар УИХ-д нээлттэй санал тавина. Бүр болохгүй бол гурван талт хэлэлцээр явуулна даа. Энэ бүхний дараа УИХ-аас “үгүй” гэсэн хариулт сонсвол ажил хаялтын шатанд хүрэх байх. Гэхдээ арай ч тэрэн дээрээ тулахгүй байлгүй дээ. Ямар ч гэсэн ард иргэдийн хувьд нааштай хариу сонсохгүй бол ажил хаялт зарлаж, асуудлаа шийдүүлэх бүрэн эрхтэй гэж үзэж байна.
-Цэцэрлэгийн тухайд хийх ажлын тань төлөвлөгөөг сонирхмоор байна?
-Би өөрийнхөө сонгогдсон тойрог дээр хийх гэж байгаа ажлаа ярья. Цаашлаад энэ ажлыг минь аймаг, суманд авч хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. УИХ-ын гишүүний тойрог дээрээ зарцуулах нэг тэрбум төгрөг улсын төсөвт хамрагдвал би нэг цэцэрлэгийг 30-50 сая төгрөгөөр босгоно. Бас тухайн дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудаас хандив гуйна. Иймэрхүү маягаар хамтарч ажиллан, 80-100 сая төгрөгөөр гэр цэцэрлэгийн хэмжээнд байгуулна. Нэг хүүхдэд 750 мянган төгрөгийн хувьсах зардлыг улсаас авах байх. Энэ нь тухайн хүүхдийн нэг жилийн төсөв. Гэхдээ цэцэрлэгийн засвар үйлчилгээ, тоглоом наадгай гэх мэт зарим зардалд энд орохгүй. Цэцэрлэгийн ажилд хөрөнгө оруулалт хийхгүй бол Монголын хүүхэд багачууд өнөөдөр маш хүнд байдалтай байна.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ