
Чилийн оюутнууд шударга бус боловсролын системийг өөрчлөхийг шаардан өнгөрсөн оноос эхлэн жагсаж эхэлсэн. Тэгвэл өчигдөр Сантьяго хотод болсон жагсаал оюутнууд, цагдаа нарын хоорондох ширүүн мөргөлдөөн болон хувирчээ.
Олон мянган сурагч, оюутнууд жагсаалаа тайван замаар эхлүүлсэн боловч хэсэг хугацааны дараа байдал өөрчлөгдсөн байна. Оюутнууд галаар хаалт хийн цагдаа нар руу чулуу шидэж, цагдаа нар бослогыг нулимс асгаруулагч хий, усаар шүршин, пейнтбол буу ашиглан дарахыг хичээсэн байна.
Бослогыг мөргөлдөөн болгон хувиргасан буруутан болохгүйн тулд цагдаа нар эхлээд бослогыг удаан ажигласан гэнэ.
Саяхан Засгийн газар зөвшөөрөлгүй жагсаал хийхийг хориглосон юм. Хуулийн дагуу хэрвээ сургууль, эмнэлэг, зам, олон нийтийн талбайг түрэмгийлэн эзэлвэл гурван жил хүртэл хорих ял авч болох юм.
Жагсагчид боловсролын чанарыг сайжруулж, үнэгүй олгохыг шаардаж байгаа юм. Тэдний үзэж байгаагаар улсын сургуулийн олгож байгаа боловсрол чанар муутай, хувийн сайн сургуулиуд өндөр төлбөртэй учир хэцүү амьдралтай айлын хүүхдүүд хохирч байгаа юм.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ