
Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад энэ сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны хооронд Туркийн Стамбул хотод болж байна. Өчигдөр тус олимпиадын эхний өргийн тоглолт албан ёсоор эхэллээ. 150 орны багаас 56-д эрэмбэлэгдсэн манай эрэгтэй шатарчид эхний даваанд тус олимпиадын 134 дэх эрэмбэтэй Фижи арлын шатарчидтай оноолт таарчээ. Манай их мастер Д.Шаравдорж, их мастер Ц.Батчулуун, ФИДЕ-гийн мастер Г.Мөнхгал, ФИДЕ-гийн мастер М.Гүнбаяр нар энэ удаа бүгдээрээ ялалт байгуулан Фижигийн шатарчдыг 4:0-ээр цэвэр ялж, удаах даваанд Арабын нэгдсэн эмиратын багтай халз тулахаар болжээ. Эмиратын баг эхний тойрогт хөрш Кувейтийн багийг 3:1-ээр давамгайлсан байна.
Харин 120 орны эмэгтэй багаас 21 дүгээрт бичигдсэн Монголын баг эхний шатанд 84 дэх чансаанд буй, тэмцээнийг зохион байгуулагч Туркийн 2-р багтай оюун ухаанаа сорьсон юм. Их мастер Т.Батчимэг, ФИДЕ-гийн мастер С.Отгонжаргал нар учраагаа хожиж, олон улсын мастер Б.Анхчимэг тэнцэж, олон улсын мастер Д.Янжиндулам өөрөөсөө чансаа доогуур өрсөлдөгчдөд хожигдсоноор нийлбэр дүнгээр манай баг 2,5:1,5 оноогоор яллаа. Хоёрдугаар тойрогт тэд Английн бүсгүйчүүдтэй оноолт таараад байна.
Эхний тойрогт амарсан манай тэргүүн шатарчин Олон улсын мастер Б.Гүндаваа, Б.Мөнгөнтуул нар хоёрдахь тулаанд оролцож магадгүй юм.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ