
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Япон Улс, БНСУ, БНАСАУ, БНАЛАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг тус тус хүлээн авч уулзав. Элчин сайд нар Гадаад харилцааны сайдад шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож ярилцав.
Уулзалтын үеэр Япон Улсын Элчин сайд Т.Шимизү Япон, Монголын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд цаашид Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд дурьдсан асуудлуудыг ажил хэрэг болгох талаар анхаарч хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой харилцаанд ач холбогдолтой арга хэмжээ болж буйг цохон тэмдэглэв.
БНСУ-ын Элчин сайд Ли Тэ Ро БНСУ, Монгол Улс “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бүх салбарт хөгжүүлэх, тухайлбал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, солонгосын томоохон хөрөнгө оруулалтыг Монголд оруулах талаар идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Мөн монгол иргэдэд виз олгох нөхцлийг хялбаршуулах талаар ЭСЯ-ны зүгээс ойрын хугацаанд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр сайдад мэдээлэв.
БНАСАУ-ын Элчин сайд Ри Чөл Гуан хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн чиглэлээр улам өргөжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
БНАЛАУ-ын Элчин сайд Бүнньян Сайсанован Монгол, Лаосын харилцаа хоёр орны ард түмний эрх ашигт нийцэн амжилттай хөгжиж, хамтын ажилллагаа хөдөө аж ахуй, эрүүлийг хамгаалах, боловсролын салбарт өргөжиж байгааг тэмдэглээд, цаашид хоёр тал бүс нутаг, олон улсын талбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа гадаад бодлогод чухал байр суурь эзэлдгийг тэмдэглэж дээрх улсуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэн гүнзгийрүүлэх талаар идэвхтэй ажиллахыг онцлон тэмдэглэв.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ