ЭҮНХ-ний сайд нарын хуралд Л.Болд оролцож байна

img

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний XVI уулзалтын өмнөх сайд нарын бэлтгэл хуралдаан Иран Улсын Тегеран хотноо 2012 оны өчигдөр эхэллээ. Тус хуралдаанд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд оролцож байна. ЭҮНХ-ий үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд нэлээд эрчимжиж, хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй сорилтууд, түүний дотор хүнс, эрчим хүч, эдийн засаг, санхүүгийн хямрал, ялангуяа эдгээрээс улбаатай хямралын хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлэх, хамтын хүчээр даван туулах, МХЗ-уудыг хэрэгжүүлэх зэрэг чиглэлд ЭҮНХ-ий гишүүн орнууд түлхүү анхаарч байна. “Дэлхийн хамтын засаглалаар өнө удаан энх тайван тогтоох" сэдвийн хүрээнд болж буй Сайд нарын энэ удаагийн хуралдаан нь энэ сарын 30-31-ний өдрүүдэд болох ЭҮНХ-ийн дээд хэмжээний XVI уулзалтаар хэлэлцэх асуудлуудыг тохиролцох, улмаар дээд хэмжээний уулзалтаас батлах төгсгөлийн баримт бичгийн төслийн заалтуудыг эцэслэнэ. Гадаад харилцааны сайд Л.Болд ЭҮНХ-ий Сайд нарын хуралдаанд оролцох үеэр  олон улсын хэмжээнд манай улсын санаачлан авч явдаг цөмийн зэвсэггүй статус, ардчилал, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудал, цөлжилт, хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүд, Бичигтэн болох НҮБ-ын арван жил зэрэг ЭҮНХ-ийн дээд хэмжээний XVI уулзалтын төгсгөлийн баримт бичгийн төсөлд туссан саналаа  эцэслэн батлуулахаар ажиллаж байна. Гадаад харилцааны сайд Л.Болд ЭҮНХ-ий Сайд нарын хуралдааны эхний өдөр Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Юген Цэрин, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чүн, Тайландын вант Улсын Гадаад хэргийн сайд Др.Сурапонг, Иран улсын Гадаад хэргийн сайд Али Акбар Салэхи, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Бонг Хюн нартай хоёр талын уулзалт хийж, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын байгууллагуудын сонгууль, олон талт хамтын ажиллагааны хүрээн дэх харилцан сонирхсон зарим асуудлуудаар санал солилцов хэмээх Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн албанаас  мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ