
ДОХ-оос сэргийлэх Дэлхийн өдрийг угтсан арга хэмжээний хүрээнд ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, ДОХ-оос сэргийлэх Үндэсний Хороо, ХӨСҮТ, “Анагаах хандлага”, “Цаглашгүй мэдлэг”, “Хамтдаа”, “Шинэ өөдрөг амьдрал” ТББ-ууд болон Олон улсын “Анагаах хандлага” байгууллагатай хамтран ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолыг анагаах хандлагаар зогсоохын төлөө үйл ажиллагааг Монгол улсад идэвхжүүлэх өргөн хүрээтэй арга хэмжээг 2011оны 10-р сарын 20 – 30 –ны өдрүүдэд зохион явуулна. Энэ арга хэмжээнд оролцохоор Олон улсын “Анагаах хандлага” байгууллагын зөвлөх Каролин Смит болон Жое Кери нар АНУ-аас хүрэлцэн ирсэн байна.
Сургагч багш нар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй ярилцлага өгч ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолыг зогсоох, анагаах хандлагын тухай ерөнхий ойлголтыг өгөх, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг дэмжих төв байгуулах санаачлагыг өрнүүлэх, дэмжих бүлгийн уулзалт сургалт зохион байгуулах, эмч, сувилагч, сэтгэл зүйч болон эмнэлгийн бусад ажилчдад зориулсан анагаах хандлагын тухай семинари явуулах, сургагч багш бэлтгэх сургалт явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Сургагч багш Жое 28 жилийн турш ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, хүний эрхийг дээдэлж, ялгаварлан гадуурхалтыг зогсоосноор ХДХВ, ДОХ-оос сэргийлж чадна гэдгийг хүмүүст ойлгуулах үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилготой иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ