
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XVI дээд хэмжээний уулзалтад оролцох, Лалын Бүгд Найрамдах Иран Улсад албан ёсны айлчлал хийхээр Тегеран хотод очоод байна.
Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд дагалдан явж байгаа юм.
Ерөнхийлөгч Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцож, мөн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Ираны дээд удирдагч Аятолла Сейед Али Хаманей, тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмади Нежад нартай уулзаж, Монголын эзэнт гүрний Ил хаант улсын үеийн түүх соёлын газруудаар зочилж танилцана. Тухайлбал өнөөдөр Солтанийе хотод зочилж, Өлзийт хааны бунхан болон монголын түүхтэй холбоотой бусад түүх дурсгалын зүйлтэй танилцах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ