Паралимпийн наадам эх нутагтаа эргэн ирлээ

img

Лондон-2012 паралимпийн 14 дүгээр наадмын нээлтийн ёслол өнөөдөр Зүүн Лондоны Стратфорд дахь Олимпийн стадионд Улаанбаатарын цагаар шөнийн 03:30 цагт эхэлсэн юм. Паралимпийн наадмыг Хатан хаан албан ёсоор нээсэн бол Лондон-2012 зохион байгуулах хорооны тэргүүн Себастьян Коэ үг хэлэхдээ "1948 онд Бакинхэмширийн Стоүк Мандевилийн эмнэлэгт сувилуулж байсан дэлхийн II дайны ахмад дайчдын дунд байт харвааны тэмцээн явуулсан нь өдгөөгийн дэлхийн хэмжээний наадмын эх суурь" гэдгийг дурдлаа. Улмаар есдүгээр сарын 9 хүртэл үргэлжлэх уг наадамд дэлхийн 164 орны 4200 тамирчин спортын 20 төрөлд 503 иж медалийн төлөө өрсөлдөхөөр Их Британи улсын нийслэлд хуран чуулаад байна. Тэдний дунд 1513 эмэгтэй тамирчин хүрэлцэн ирсэн нь өмнөх 13 удаагийн наадмаас илүү тоотой бөгөөд 700 эмэгтэй тамирчинтай Барселона-1992 паралимпийнхаас хоёр дахин олон байгаа юм. Паралимпийн наадмыг сурвалжлахаар орон орны 6500 хэвлэл мэдээллийн ажилтнууд Лондонд ирээд байна. Уг наадмын уралдаан тэмцээний 2,5 сая тасалбарын 2,3 сая нь аль хэдийнэ зарагдсан ажээ. Паралимпийн тосгон дахь тэргэнцэртэй оршин суугчийн тоо 1800 гаруйд хүрчээ. Наадмын үеэр допингийн шалгалтыг 1250 тамирчнаас авахаар төлөвлөсөн байна. Лондонд нийтийн тээврийн 293 автобусыг дахин тоноглож, тус бүр 5-6 тэргэнцэртэй иргэдийг тээвэрлэх боломж бүрдүүлжээ. Лондоны олимпийн зохион байгуулах хорооны сайн дурын ажилтнуудын 70 хувь нь солигдож паралимпийн наадмын үеэр ажиллаж байна. Олимпийн наадамд ашигласан 17 заал танхимыг паралимпийн наадамд дахин хэрэглэх бол шинээр хоёр байгууламжийг паралимпийн үеэр ашиглана. Замын дугуйн тэмцээнийг Брэндс Хатч-д, тэргэнцэртэй теннисний тэмцээнийг Олимпийн парк доторх Этон Мэйнорт тус тус явуулах юм. Манай улсаас Лондон-2012 паралимпийн наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Аажимын Мөнхбат, 90 кг-д Дашцэрэнгийн Ганбат, байт харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Бямбасүрэнгийн Жавзмаа, Буянжаргалын Оюун-Эрдэнэ нар, хийн гар бууны дасгалд Цэдэндашийн Лхамсүрэн, хөнгөн атлетикийн жад шидэлтээр Чулуундоржийн Мөнх-Эрдэнэ нар оролцохоор бэлэн болжээ. Зуны паралимпийн XIV наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын төрийн далбааг Пара буудлагын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын спортын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат барин жагссан байна. "Шууд" телевиз, www.shuud.mn-ий сурвалжлах баг Лондон хотоос мэдээллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zolo:
ta nartaa amjilt husyee. mongol tumnii mine bosoo hiimori iveeh boltugai, UUHAI UUHAI UUHAI
2012-08-30