
Далайн шуурга Исаак АНУ-ын боомт хот Нью-Орлеансыг үерт автуулсны дараа лхагва гаригт цааш Луизиана муж руу чиглэсэн байна.
Үерт Луизиана мужийн Плайгмаинс хот хүндээр өртсөн бөгөөд завьтай албаныхан хэдэн арван хүмүүсийг үерийн уснаас гаргаж авсан юм. Шөнөжин орсон бороо, хүчтэй салхинаас үүдэн 700 мянга гаруй айл тоггүй болсон учир тусламж хэрэгтэй хүмүүс үүнээс ч олон байгаа хэмээн эрх баригчид үзэж байна.
Хүчтэй шуурганы улмаас үерийн ус 29 км-ийн урт үргэлжилсэн даланг давжээ. Нью-Орлеанс нь америкийн хамгийн нам дор байрладаг бүс нутгийн нэг бөгөөд Катрин шуурганаас хойш шинээр хамгаалалт барьсан юм. Гэхдээ үерлэсэн далан шинэ баригдсан далан биш. Албаныхан даланд нүх гаргаж усны даралтыг багасгах тухай хэлэлцэж байна.
Плайгмаинс хот албадан нүүлгэн шилжүүлэлт явуулах тушаал гаргаж, Миссисипи голын баруун эрэг орчмын 3000 орчим иргэдийг хамруулахаар болжээ.
Мөн Нью-Орлеансын хотын захирагч цахилгааныг засахад хялбар болгох үүднээс лхагва гаригийн шөнөөс эхлэн хөл хорио тавьсан байна.
Удаан хөдөлгөөнтэй, мушгиралдсан хэлбэртэй уг шуурга Луизианагийн зүүн урд хэсэгт хэдэн цаг саатсан тухай цаг уурчид мэдээлжээ.














Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ