
Наймдугаар сарын 27-ны орой Mongolian Function House-д Британийн Монголчууд “Лондон-2012″ паралимпийн XIV их наадамд оролцохоор ирсэн Монголын багийн төлөөлөгчдийг халуун дотно хүлээн авч уулзлаа. “Лондон-2012″ Зуны XXX олимпийн их наадмаас Монгол улс анх удаагаа 5 медаль хүртсэн бөгөөд медалийн тоог ахиулахад Британийн Монголчуудын уухайн түрлэг ихээхэн эрч хүч, сэтгэлийн дэм бэлэглэж чадсан гэдэгт итгэлтэй байгаа төдийгүй Паралимпийн тамирчдаа ч мөн энэ л эрч хүчээрээ дэмжихээр хуран цуглажээ. Хандивын уулзалтыг А.Оюунтөгс, Б.Дэлгэрцэцэг, Н.Одноо нар санаачлан зохион байгуулав.
Тус уулзалтад "Лондон-2012" паралимпийн Монголын багийн ахлагч, Монголын паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, Монголын пара буудлагын хорооны ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Паралимпийн жүдо бөхийн 90 кг-ын тамирчин Д.Ганбат, хөнгөн атлетикийн жад шидэлтийн тамирчин Ч.Мөнх-Эрдэнэ, Монголын пара жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Базарсүрэн, Монголын пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж, Монголын багийн хэвлэл мэдээллийн атташе, МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Батжаргал, Паралимпийн Монголын багийн атташе Ч.Эрдэнэтуяа, БТСГазрын Биеийн тамирын хэлтсийн дарга Ж.Тунгалаг, багийн эмч Н.Эрдэнэцэцэг, БТСГ-ын спортын хэлтсийн мэргэжилтэн О.Гэрэл, мөн Британи дахь Монголын Элчин сайдын яамны Улс төрийн асуудал хариуцсан 1-р нарийн бичиг Н.Ганболд нар оролцов.


Энэ удаагийн уулзалт зөвхөн тэдэндээ амжилт хүсээд өнгөрсөнгүй ээ, Британийн Монголчууд паралимпийн тамирчдадаа уралдах уралдааны тэргэнцэр, таяг, протез зэргийг авч бэлэглэхээр сайхан сэтгэл, буяны гараа сунгаж нийт £1500-ны мөнгөн хандив цуглуулсан бөгөөд Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооноос £150-ны хандив өгч, мөн паралимпийн хугацаанд Монголын баг тамирчдад ЕМЭХХ-ны гишүүд англи хэлний хэлмэрч, хөтөч хийж туслахаар боллоо. ЕМЭХХолбооны дэд тэргүүн, Англи дахь Монголын соёлын төвийн захирал Б.Март “Энэ уулзалт Британийн Монголчууд бид жаргал зовлон, баяраа гунигаа хамтдаа хуваалцаж чаддаг нэг хамт олон болжээ гэдгийг харуулж чадлаа. “Лондон-2012″ олимпийн наадам, мөн паралимпийн тамирчдадаа өгөөмөр сэтгэлийн тус хүргэснээр Британийн Монголчууд бидний амьдралд нэгэн баяр жаргалтай түүхэн хуудас нэмэгдлээ” гэж хандивын уулзалтыг онцлон дүгнэлээ.
http://www.mongolianculturecentre.co.uk
СЭТГЭГДЭЛ БИЧИХ