
Газар тариалангийн гол бүс нутаг бол Сэлэнгэ аймаг. Улсын нийт үр тарианы 65, төмсний 38,4, хүнсний ногооны 37,2 хувийг дангаараа үйлдвэрлэдэг нь тус аймгийнхан. Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ аймгийн ногоочид өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоороо нийслэлчүүдэд зориулан үзэсгэлэн худалдаа гаргаж байна. "Sky" худалдааны төвийн гадна талбайд нээгдсэн "Монгол ургац" энэхүү үзэсгэлэнд 17 сумын 100 гаруй ногоочин бүтээгдэхүүнээрэ оролцож байгаа юм. Үзэсгэлэнд Сэлэнгэ аймгаас гадна Өмнөговь, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Дорнод, Хөвсгөл зэрэг аймгуудын ногоочид оролцож байгаа юм байна.
"Сэлэнгийн хөгжлийн төлөө" төрийн бус байгуулага " Sky" худалдааны төв, ногоочид хамтран зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Баатарзориг нар болон албаны хүмүүс оролцсон. Ногоочид ажлыг нь үргэлж дэмжсээр ирсэн хотын даргад талархлаа илэрхийлээд мөнгөн аягатай зөгийн бал өргөн барьсан. Тэд "Ногоочид бидэнд ямар сүү байх биш. Таван тансаг идээнийн нэг болох зөгийн балаа л барихаас" гэцгээж байсан. Харин хотын дарга газрыг ногоочдод хувьчилж өгнө гэдгээ хэлээд, "Жил бүр та бүхэн маань дээшилсэн жилүүдийг угтаж байх болтугай" гэсэн юм. Мөн ногоочидтой халуун дулаан яриа өрнүүлж, шинэ ургацын дээжээс амсаж, үзэсгэлэн худалдааг сонирхсон.
Сэлэнгийн ногоочид энэ жил герман, голланд сортоор төмс тарьжээ.Энэхүү сортын төмсийг эх орондоо тарьж, нутагшуулснаар хятад төмсийг хилээр оруулж ирэхийг хориглох боломжтой талаар тэд хэлж байсан. Өөрөөр хэлбэл, Европчуудын иддэг ногоог бид хэрэглэх боломжтой болж байгааг онцолсон юм.
Тус аймгийн Мандал сумын ногоочин С.Ганцэцэгийн хувьд л гэхэд тэрээр 18 жил ногоо тарьж байгаа бөгөөд тарвас, амтат болон гашуун чинжүү, хулуу, шанцай гээд олон төрлийн ногоотой энэхүү үзэсгэлэн худалдааг зорьж иржээ. "Энэ жил хур бороо элбэгтэй байсан учраас нарийн ногоо жаахан муу гарлаа. Бусдаараа ургац арвин жил байна" хэмээж байсан юм. Түүний тарьсан тарвас хамгийн том нь дөрвөн кг. Харин үнийн хувьд нэг кг нь 1000-1500 төгрөг байгаа юм. Харин амтат чинжүү 3000 бол гашуун чинжүү 3500 төгрөгийн ханштай байлаа.
Түүнчлэн зөгийн бал 15-20 мянган төгрөг бол чацарганы сроп 2000, улаан лооль 5000, төмс, хүрэн манжин 700 төгрөгөөр худалдаалж байлаа. Түүнчлэн өргөст хэмх 1500-1800, хулуу 5000 төгрөг байсан юм. Хулууны хувьд сортоосоо хамаараад хэлбэр, хэмжээ, өнгөний хувьд янз бүр байна лээ. Бидний сонирхлыг татсан нэг хэсэг нь зөгийн аж ахуй эрхлэгчид. Тэд зөгийн балаар янз бүрийн бүтээгдэхүүн хийжээ. Тухайлбал "Шидэт бэлдмэл" хэмээх бүтээгдэхүүн нь олон орны уламжлалт анагаах ухааны эмчилгээ болон эм найруулах туршилга, эрдэмтдийн судалгаанууд дээр үндэслэн шинжлэх ухааны үндэстэй хийсэн бүтээгдэхүүн аж.
Бараг бүх өвчний үүсэх гол шалтгаан нь ходоод гэдэсний замын эрхтнүүдийн хэвийн ажиллагаа алдагдснаас холбоотой байдаг гэнэ. Тиймээс энэхүү бүтээгдэхүүн нь ходоод гэдсний замын эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг дээд зэргээр хангадаг талаар зөгийчид бидэнд дуулгасан юм. Харин орцонд нь цэвэр зөгийн бал, жамц давс, хүнсний хужир багтжээ.


















Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ