Лондон-2012 паралимп: Өнөөдөр Ц.Лхамсүрэн буудна

img

Паралимпийн наадмын хоёрдахь өдөр манай тамирчдаас зөвхөн мэргэн бууч Ц.Лхамсүрэн тэмцээнтэй. 42 настай тэрээр эмэгтэйчүүдийн Р2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалд орон нутгийн 11:45 цагаас буудаж эхэлнэ. Энэ нь Улаанбаатарын 18:45 цаг гэсэн үг. Уг дасгалд 14 тамирчин өрсөлдөж байгаа, урьдчилсан буудлагаас хамгийн өндөр оноотой найман буудагч нь шигшээ тэмцээнд шалгарна. Шигшээ буудлага Лондоны цагаар 15:15-аас эхэлнэ. Паралимпийн наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 30-нд манайхан тун завгүй байлаа. Эхлээд "ExCel" ордны татамид жүдоч А.Мөнхбат хоёр барилдаан хийлээ. Тэрээр эхний даваанд өмнөх паралимпийн аварга болж байсан Алжирийн Мулуд Нураг сууж өмсөх гээд өөр дээрээ татан цэвэр ялагдсан. Улмаар дагах барилдаанд Их Британийн Бен Куилтерт цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлөв. Түүнийг ялсан хоёр бөх хоёулаа хүрэл медалийн эзэн болж, харин манай бөх жиндээ IX байрт бичигдлээ. Олон улсын хэмжээний мастер Б.Жавзмаа Олон улсын хэмжээний мастер Б.Оюун-Эрдэнэ Мөн өдөр байт харваачдын урьдчилсан шатны тэмцээн болсон юм. Эмэгтэйчүүдийн хувийн харваанд өрсөлдөж буй 19 тамирчнаас манай ОУХМ Б.Жавзмаа 524 (258+266) оноогоор VIII, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 (240+276) оноогоор XI байрт шалгарлаа. Сонирхолтой нь наймдугаар сарын 3-нд гарсан Пара харваачдын дэлхийн чансаанд хоёр монгол бүсгүй яг энэ байрлалд жагсаад байгаа билээ. Хасагдах шатны халз харваа маргааш (есдүгээр сарын 1) орон нутгийн 11:30 цагаас эхлэх бөгөөд Жавзмаа 522 онож IX байраар шалгарсан Тайландын Васана Хутависаптай, Оюун-Эрдэнэ 549 онож VI байр эзэлсэн Их Британийн Шэрон Веннардтай учраа таарчээ. Лондон хотоос "Шууд" телевиз, www.shuud.mn-ий тусгай сурвалжлагч А.Алтанчимэг, зураглаач Ш.Гантуул нар мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ