Дайныг зогсоомоор байна
Ардчилал гэдгийн уг үүсэл нь ард иргэд төрийн хэргийг гүйцэтгүүлэхээр өөрсдийгөө төлөөлж чадах оюун билэг төгс, мэргэжил мэдлэг сайтай, туршлага, мэргэшил өндөр хүмүүсээ дотроосоо сонгон ажиллуулах ойлголт байв. Харин хүйтэн дайны үеээс барууны орнуудын суртлаар ардчилал бол сөргөлдөгч хоёр туйлын нэг байж, социалист систем нурснаар ялагч талын үзэл суртал болж, ялагчийг шүүдэггүйн зарчмаар өөр хувилбаргүйгээр бүх дэлхий даяар өрнөсөн үйл явц болсон юм. Ингэхдээ ардчилалыг номлогчид нь өөрсдийн үзэл санааг дагаагүй орныг дотроос нь задлах хэрэгсэл болгон ашиглаж байсан нь маш үр дүнтэй арга байлаа. Учир нь ардчилалд хүний амьтны инстинкт өөрөө нуугдаж байдаг юм.
Ардчилалын давуу тал олон бий гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүний хөгжлийн түлхүүр чөлөөт сэтгэлгээнд байдаг. Тэр талаасаа хүнийг бүтээлч болгоход ихээхэн тустай билээ. Гэвч үүний эсрэг талд нь юу ч хийж мэдэх анархизм бас л нуугдаж байдаг. Тэр нь бүхэл бүтэн төрт улсыг ч нураахад бэлэн зэвсэг юм. Чухамдаа Occupy Wall Street бол капитализмын мухардлын дүр зураг юм. Анархи ардчилалын үнэн төрх билээ. Дэлхий даяар шинэ дэг журам, нийгмийн хөгжлийн шинэ замыг эрж хайж байна. Чухамдаа 80 аад оны сүүлч гэхэд капитализм, социализм хоюулаа хүч, тамираа барж дууссан байсан гэж олон судлаачид үздэг. Социализм түрүүлж дэвжээ цохисноор Wall Streetд 20 жил амьсгаа авах боломж олдсон билээ.
Бид ардчилсан замаар хорин жил замнаад эргээд дүгнэхэд ард түмэн нь төр засгаа хүндэлдэггүй, ахмад үеээ залуу хойч нь хүндэлж, өргөдөггүй, өрхийн гишүүд нь тэргүүнээ хүлээн зөвшөөрдөггүй болтолоо нийгмийн итгэлцэл алдагдаж, ёс суртахуун, дэг журам гэдэг үг зөвхөн утга зохиолын уран хэллэг болжээ. Хорин жилд алдсан нийгмийн итгэлцлийг эргээд олоход хагас зуун жил ч шаардагдаж болох юм. Тийм учраас өнгөрсөн хорин жил түүхэнд нийгмийн ёс суртахуун, соёл, боловсрол, эрүүл мэндийн ангал үүссэн он жилүүдээр үлдэх болов уу гэсэн дүгнэлт байх.
Зах зээлийн ололтууд бол тусдаа, гэхдээ ахуйдаа дөрлүүлсэн капиталиcт нийгэмд мөнгөний төлөө улсаа ч худалдахад бэлэн байдаг нь бас л дотор нь агуулагдаж байдаг үнэн зүй тогтол юм. Гагцхүү үүнийг хазаарлаж байдаг бодлого, хууль цааз гэж байх ёстой харамсалтай нь тэр нь өнөөдөр монголын гэхээсээ илүүтэй гадны хөтөлбөрүүдэд дөрлүүлсэн байгаа нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ гэж үзэх нь дэндүү гэнэн хэрэг билээ. Үүнд гадныхныг буруутгах хэрэггүй бөгөөд харин бид өөрсдийгөө буруутгах нь зүйн хэрэг төдийгүй цаашид бэлтгэгдэх шаардлагатай байгаа юм. Мэдээж хэрэг дэлхийн зуугаад оронд ашиг олохоор гэрээ хэлцэл хийж байсан, хийж байгаа барууны томоохон компанийн өмнөөс амьдралдаа ганц контейнер барааны ч гэрээ хийж үзээгүй хүмүүсийг тавиад алдаж байгаа нь бидний л буруу юм. Тийм хүмүүс ширээний ард суух болсон нь монгол төрийн алба суларсны л балаг гэлтэй. Төрийн алба суларсан нь хорин жилийн улс төрийн дайны мөр юм. Гашуун боловч үнэн зүйл бол бидний монголчууд хорин жил хоёр фронтод хуваагдан дайтжээ. Ардчилсан парламентэд сөрөг хүчин байх ёстой. Гэтэл манайх сөргөлдсөн ард түмнийг бий болгожээ. Энэ олон жилийн сөргөлдөөний дүнд сэхээтний давхарга аль нэг талын явцуу бодолтой болж, тархи нь бүтэн сэтгэхээ байж, өрөөсгөл хагас сэтгэлгээтэй болжээ. Биеийн хэлмэгдүүлэлт үгүй ч сэтгэлийн, ахуйн хэлмэгдүүлэлтээс дүрвэсэн сэхээтний бүхэл бүтэн давхарга амьдралын эрхээр гадаадад дүрвэж, улмаар хэл соёл хүнийссэн хоёр дахь үеээ үзэж байгаа нь хүсэл байвч эх нутагтаа эргэн ирэх бодит нөхцөл үгүй болжээ. Ерөөс хүн гэдэг амьтан төрөлхийн өөр хоорондоо бие бялдар, санаа бодол, зан чанар өөр байдаг билээ. Харин ард түмэн хоёр өөр байна гэдэг байгалийн хуулиас гадуур юм. Улсынхаа өнгөтэй өөдтэй, мэдлэг боловсрол, туршлагатай, хамгийн тэргүүний хүмүүсээ хоёр хуваагаад хооронд нь хорин жил дайтуулна гэдэг яавч эрүүл монгол ёсных биш юм. Төрийн байгууллагууд, олон нийтийн байгууллагууд, соёл урлагийнхан, бизнесийнхэн, аймаг, сум, баг, бүр айл өрх дотроо хуваагджээ. Үүний шалтгааныг намын гишүүнчлэл хавтгайрснаас үүдэлтэй гэж боддог юм. Улс орон даяараа нэг нам байж ирсэн суурин дээр яг тэр загвараар дараачийн нам байгуулагдсанаар орон даяар хавтгай улстөржиж, бодлого сарьнаж, боловсон хүчин тарамдаж, хүмүүс хүнийсч эцэст нь өнөөдөр улстөрийн намд итгэх итгэл алдагдаж байна.
Хаа ч очсон адлагдсан ардчилалынхан эсвэл хувьсгалт намынхан. Сүүлийн жилүүдэд хөрөнгөтний анархист нийгэм үүсч байгааг огт анзаараагүй юм. Ялагдсан намын удирдлагууд ямарч хүчээр эргэн эрх мэдэлдээ хүрэхийн тулд бизнесийнхнийг улс төрд урин залж, албан тушаал амлан санхүүжилт авч ялалт байгуулснаар төрийн алба түрээсийн алба болж хувирсан билээ. Ухаарсан зарим нь халаглан засахыг хичээж байвч, хүний ахуйн хэрэглээ гэдэг мөнгөний өмнө хүчин мөхөс тул улсаа үгүй хийж мэдэх энэ аймшигт аюулыг зогсоох хүч үгүй мэт. Гэхдээ шийдэлгүй асуудал байдаггүйн адил гарц бол олон хувилбараар байж болно. МАН, АН хоёр дээгүүрээ эв нэгдэлтэй байж, энэ чигээрээ сонгуульд ороод төрийн хүчээр сонгуулиа луйвардан зохион байгуулаад эсэргүүцэл гарвал зэвсэглэн даръя гэсэн тохироо маягийн юм яваад байгаа нь хоёр намын жирийн гишүүдийн ой тойнд буухад дэндүү хол юм. Хорин жил хонь, чонодоо хүрсэн хүмүүс хагас жилийн дараа их мөнгөөр хоорондоо хүзүү толгойгоороо холбогдож чадна гэдэгт би л лав итгэхгүй байна. АНА МАНА – үзэлцэж байсан хүмүүс үздэгээрээ л үзнэ. Намууд ийм тохиролцоонд хүрсэнээрээ Ардчилсан намын жирийн гишүүдийг хувь заяаны золиосонд аваачиж өгч байгаагаа удирдлагууд нь ойлгож л байдаг байгаа даа. Сонгуулийг зохиомлоор дэглэсний үр дүнд сонгогчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч мөргөлдөөнд хүрэх бодит нөхцөл байдлын өмнө ирээд байна. Бид өөрсдөө мэдэлгүй латин Америк, Африкийн орнуудын туулсан гашуун түүхийн өмнө ирж байгааг ойлгохгүй л байна. Гадны олигархиудад чухамдаа энэ л хэрэгтэй байдаг. Танил сценари, тавьсан хүмүүс, бодит сонирхол, хэдэн ч орон тугаа хатгах уудам зэлүүд нутаг, үүнийг л ‘Resource based economic strategy’ гээд байгаа юм.
Үүнээс хамгаалагдаж чадах арга бол хамгийн эхэнд Монголчууд бид дотоороо л ойлголцох шаардлагатай. Ард түмнээ туйлдуулсан хорин жилийн дайныг зогсоох хэрэгтэй байна. УИХ улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгомоор байна. Орон нутгийн сонгуулиудад нам нэр дэвшүүлдэгийг болимоор байна. Гишүүнчлэлгүй болсноор хөдөө хотгүй хүмүүсийн бүлэглэсэн дайсагналцал зогсож, бие биесээ хүний ёсоор харцгааж эхэлнэ. Тэр фон дээр МАНАН гаа зүтгүүлбэл ард түмэн арай өөрөөр хүлээж авна.
Өнөөгийнхөөрөө зүтгүүлбэл, бид ч ялсан, тэд хүч хэрэглэнэ. Тэд ч ялсан гэж гүжирдсэн хүч хэрэглэх нөхцөл байдал гарцаагүй үүснэ. Нямдорж сайдаас эхлээд буу шийдмээ бэлтгээд эхэлсэн байна. Мань мэт нь таван хүүхэддээ гэрээслэлээ бичиж үлдээгээд улстайгаа үлдэхийн төлөө утсан чинээ амиараа дэнчин тавинааа.
Дайныг зогсоомоор байна.
МҮАН-ЫН ДЭД ДАРГА БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН НАМЫН ДАРГА Б.ЦОГТГЭРЭЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ