
1990 оноос хойш Ардчилсан нам анх удаа Ерөнхийлөгчтэй, УИХ-ын даргатай, Ерөнхий сайдтай, бүр хотын даргатай болж чадлаа. Ялангуяа сүүлийнх нь их л сайхан ярьж байна. Зөв зүйтэй асуудлыг хөндөж байгаа.
Харин хийх дээрээ тулбал яах юм бол. Цаг хугацаа л харуулах байх даа. Өөрчлөлтийг тугаа болгосон шинэ Засаг дарга МАН-ын зассан гурван орлогчтой байх замыг сонгосон. Нэгээс бусад нь 30 насны босгыг дөнгөж алхаж байгаа залуус. НИТХ-ын сонгуулиар МАН-ынхан хотын ажлыг улстөрч биш мэргэшсэн хүмүүс удирдах ёстой гэж их ярьсан. Үнэний ортой үг. Тэр их шугам сүлжээ, аж ахуйн ажлыг уриа лоозон барьсан улстөрч, эсвэл цээжээ дэлдэж ярихаас өөр зүйл чадахгүй залуус удирдана гэдэг учир дутагдалтай. Улстөрч нь хууль эрхзүйн орчноо бүрдүүлэх тал дээр лобби хийгээд УИХ руу гүйж болно. Харин мэргэжлийн инженерүүд нь өдөр тутмын ажлаа хийж, нийслэлд тулгарч ирсэн бүхий л асуудлыг цаг тухайд нь шийдэж байх учиртай.
Хотын шинэ Засаг дарга маань лав л тийм багийг бүрдүүлж чадсангүй. Зүгээр л лекц уншдаг, гоё ярьдаг, дүүргийн намын салбарыг авч явдаг, компани толгойлж ирсэн залуусыг орлогчоороо тавилаа. Хотын дулааны шугам сүлжээ, цахилгаан түгээлт, түүний зарчим, нэг км замын өртөг гэх мэт энгийн ойлголт мэдлэг эдгээр залууст байхгүй. Хөрөнгө мөнгөөр сүлжээгээ татсан салбар салбарийн мафийн тэргүүнүүд тэдний толгойг хялбархан эргүүлж, уламжлалт санхүүжилтээ авах боломжтой гэсэн үг. Засаг даргын орлогч нарын дунд ядаж Да.Ганболд шиг хашир толгойг байлгаж болоогүй юм байх даа. Хаана, хэзээ, хэнтэй яаж ярихаа хэнээр ч заалгахгүй мэдэх хүн олдсонгүй юу гэж халаглах хүн олон байна.
Яах вэ, залуу хүмүүс суръя, мэдье гэсэн эрмэлзэлтэй байлаа гэж бодоход дор хаяж бүрэн эрхийнхээ тэн хагасыг нийслэлээ танин мэдэхэд зарцуулна гэсэн үг. Дөрвөн жилийн дотор гэр хорооллыг хаусаар солино гээд нүсэр амлалт өгчихсөн намд энэ бол маш их хугацаа. Өөрийнхөө хүч чадлыг хэт өндөр үнэлж, зөвхөн амбийц гэдэг зүйлдээ хөтлөгдсөн эдгээр “нусгай банди” нар үүнийг ухамсарлана гэдэгт эргэлзэж байна.
Улаанбаатар хотоос эхлэлтэй энэ “нялхасын элийрэл” одоо шинэ Засгийг бүрдүүлэхэд ихээхэн нөлөөлж, халдварлаад байгааг нуух юун. 80-аад онд төрсөн, эцгийнхээ хур хөрөнгөнөөс идэж ханаагүй хүүхдүүд одоо нэр хүндээр нь албан тушаал хөөж, өөрийн гэсэн хөрөнгө тасдахаар дайрч байна. Гудамжинд бохь зарж, гэдсээ өлсгөж үзээгүй, өөрийн хүч хөдөлмөрөөр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй, ийм армиар Монголын төрийг шинэчилнэ гэвэл үүн шиг худлаа юм байхгүй. Ажлаа, салбараа мэдэхгүй мангар пацаанууд Засагт ороод ирчихвэл мөнөөх дунд шатныхны ноёрхол улам л батжих биз. Энэ мэтээр тооцоод байвал “нялхасын элийрэл” Монголын төрд гай тарина уу гэхээс гавьяа лав байгуулахгүй.
Сайд, ноёны суудлыг үр хүүхдэдээ өвлүүлэх хандлага ууган намд ч ажиглагддаг. Үүний сонгодог арга бол үр хүүхдээ ямар ч хамаагүй аргаар улсын их, дээд сургууль дүүргүүлж, төсвийн байгууллага, яам, тамгын газарт мэргэжилтэн, ажилтнаар тавина. Улмаар өөрийнхөө нэр хүндээр хэлтсийн дарга, дэд дарга гэх мэт шат ахисан карьерт аваачна. Ингэж өндийсөн хүүхэд нь арваад жилийн дараа эцгийнхээ байр суурийг залгамжлан авдаг.
Өнгөрсөн сонгуулиар мөнгө хандивлаж албан тушаал авсан хэд хэдэн жишээ гарсан. МАН-ын удирдлагын алдаа, сонгуульд ялагдсан шалтгаануудын нэгд тооцогдож эхлээд байгаа. Харин АН-ын хувьд цус сэлбэлтийг хэдхэн дарга нарын хүүхдүүдээр л орлуулдаг. МАН-ын луйгарууд шиг залгамж халаагаа бэлтгэх тал дээр анхаардаггүй. “Сарааз моёор” болгоод л тууж орхино. Угсаа залгамжилсан энэ тогтолцоо нь 1996-2000 оных шиг улстөрийн тогтворгүй байдалд хүргэх магадлал өндөр байна. Шинэ Ерөнхий сайд кабинетийнхаа тогтвортой байдлыг хангахын тулд МАН-д чичлүүлэн байж багийнхаа 80 хувийг УИХ-аас бүрдүүлсэн. Ингэснээр дэд сайдуудын томилгооны асуудал Н.Алтанхуягийг МАН-д бус ард түмэнд чичлүүлэх бас нэгэн шалтгаан болоод байна.
Ерөөсөө л дэд сайдуудад эрх мэдэлтэй дарга нарын хүүхдүүдийг зүтгээлнэ гээд тохиролчихсон. Зарим нь бараг томилогдох нь тодорхой болсон гэх. Гэтэл бяруу болоогүй байж бухын авир гаргасан пацаануудыг дэд сайд болгочихвол Н.Алтанхуягийн хүсээд байгаа эв нэгдэл нь мөдхөн задарч болзошгүй. Энэ асуудал бүр даамжирч Монголын төрд гэр бүлээрээ зайдлан суух гэсэн хүсэлтэй хүмүүсийн аллергиг хөдөлгөнө. Өв залгамжлагч нар нь АН дахь фракцуудын ашиг сонирхолыг илэрхийлж байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Тиймээс засгаа тогтовортой байлгахын тулд хэргэлсэн Н.Алтанхуяг даргын арга бухан бяруу, ухна ишиг шиг хэдэн пацаануудаас болж байдал эсрэгээрээ эргэх вий дээ.
2005 онд хэврэг өндөгний асуудал их яригдаж байсан даа. Тэгвэл өдгөө тэрхүү хагарчихсан өндөгнийхөө шарыг алган дээрээсээ унагаачихалгүй авч үлдэх хэрэгтэй байна. Биеэ голдоггүй бухан бяруу, ухна ишигнүүдийг Монголын төрд гаргаж ирснээр Мандухай хатны хэлсэн шиг л юм болох гээд байна даа.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ