ОУХМ Б.Жавзмаа
Паралимпийн наадмын гуравдахь өдөр манай гурван тамирчин Монгол орныхоо нэр төрийн төлөө "ариун дайнд" тулалдана.
Байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд өрсөлдөж буй 19 тамирчнаас манай ОУХМ Б.Жавзмаа 524 (258+266) оноогоор VIII, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 (240+276) оноогоор XI байрт шалгараад байгаа. Хасагдах шатны халз тулаан өнөөдөр орон нутгийн 11:30 цагаас (Улаанбаатарын цагаар 18:30) эхлэх бөгөөд Жавзмаа 522 онож IX байраар шалгарсан Тайландын Васана Хутависаптай, Оюун-Эрдэнэ 549 онож VI байр эзэлсэн Их Британийн Шэрон Веннардтай учраа таарчээ. Тэднийг ялах аваас цаашид байраа ахиулахаар, медалийн төлөө өрсөлдөх юм.
Дараа нь 29 настай жүдоч Д.Ганбат 90 кг-ийн жинд хүч сорино. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрээр орон нутгийн 13:40 цагаас барилдах юм. Энэ барилдаандаа ялалт байгуулвал медалийн төлөө хүч сорих боломж нээгдэх учиртай.
Лондон хотоос "Шууд" телевиз, www.shuud.mn-ий тусгай сурвалжлагч А.Алтанчимэг, зураглаач Ш.Гантуул нар мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ