
Өнөөдөр есдүгээр сарын нэгэн. Сурагчийн дүрэмт хувцас өмсч, аав ээждээ хөтлүүлэн алхах багачууд, анги дэвших сурагчид хичээлийн шинэ жилийн нээлтэндээ оролцохоор яарна. Зуны гурван сар нам гүмхэн байсан сургууль, цэцэрлэгүүд "амь орж" Монгол орны өнцөг булан бүрт эрдмийн өргөөндөө хүүхэд багачууд цугларлаа. Хэдийгээр зам засварын ажил ид өрнөж, хотын замын хөдөлгөөний ачаалал хүнд байгаа ч энэ бүхнийг зохицуулахын тулд төр засгийн удирдлагууд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нээлтийг өнөөдөр эхлүүлж, харин их, дээд сургууль, коллежийн хичээлийг нээлтийг ирэх даваа гаригт эхлүүлэхээр болсон билээ.
Хонхны дуу цангинаж, анги танхимд хүүхдийн инээд цалгисан энэ өдөр улсын хэмжээнд 927 цэцэрлэгт 168 мянган, ерөнхий боловсролын сургуулийн 763 сургуульд 506.8 мянган хүүхэд хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Энэ жил зургаан настай 49.4 мянган хүүхэд сургуулийн босго алхаж, эрдмийн их аянд хөл тавьж байна. Ерөнхий боловсролын сургуульд 26.7 мянга, цэцэрлэгт 5.1 мянган багш ажиллах юм.
Өнөө жил нийслэлийн хэмжээнд 41 сургууль, 34 цэцэрлэгт их болон урсгал засвар хийж дуусан хүүхдүүдээ хүлээн авч байна.
Төр засгийн удирдлагууд энэ өдөр сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш сурагчидтай баярыг нь хуваалцлаа.Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийслэлийн Хан-Уул дүүргийн 32 дугаар сургууль, 35 дугаар цэцэрлэг, УИХ-ын дарга З.Энхболд нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургуулийн нээлтэд тус тус оролцсон юм.
Ингээд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг сурагчид болон багш нартаа хүргэж, Орчлон сургуулиас бэлтгэсэн гэрэл зургийн сурвалжлагаа хүргэж байна.

Д.Цэцэг
Гэрэл зургийн Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ