
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож багш сурагчдад баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. Монгол Улсын ирээдүйг тодорхойлох энэ салбарт түлхүү анхаарч чанартай боловсролыг эрхэмлэх бодлого барьж ажиллана гэдгээ Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг илэрхийлээд энэ бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд багш, сурагч бүрийн идэвх оролцоо хамгийн чухлыг онцоллоо. Нээлтийн ажиллагааны дараагаар Ерөнхий сайд анги танхимуудтай танилцаж, багш сурагчидтай яриа өрнүүлж, хүндрэл бэрхшээл байгаа эсэхийг асууж сонирхлоо. Нэг ангид хамрагдах хүүхдийн тоо олон, ялангуяа нэгдүгээр ангийн зургаан настай 40 хүүхэдтэй ажиллахад хүүхэд бүрт хүрч ажиллахад хүндрэлтэй, нэг бүлэг шинээр нээхээр төлөвлөсөн ч танхим хүрэлцэхгүй байгаа зэрэг асуудлуудаа багш нар Засгийн газрын тэргүүнд танилцууллаа. Энэ жил сургуулиа төгсөх ахлах ангийнхантай уулзахдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг Төрийн ордноор зочлохыг урилаа. Нийслэлийн 44 дүгээр сургуульд энэ жил 2200 хүүхэд суралцахаас 225 нь зургаан настай, сургуулийн босгоор анх алхаж байгаа бяцхан сурагчид, харин 148 нь ирэх хавар сургуулиа төгсөх хүүхдүүд юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ