Т.Бархүү дуучин болох гэж яваад өөр мэргэжил сонгожээ

Уран бүтээлээс илүүтэй гавьяат жүжигчин И.Одончимэгийн залуухан нөхөр гэдгээрээ танигдсан Т.Бархүү өдгөө юм юманд авьяасаа сорьж явна. Ёстой л, хошин урлагийн салбарт байр сууриа хэдийнэ олсон алаг нүдэн эхнэрийнхээ хүчинд өөрийгөө тал бүрээр хөгжүүлэх гэж зүтгэж буй. Хошин урлагийн тайзнаас рок попын ертөнц рүү огцом үсэрсэн жүжигчин залуу цомог гаргахаар зэхэж, мөн кино найруулаад тун ч завгүй. Т.Бархүү 1998 онд нийслэлийн 13-р дунд сургуулийг төгсөөд Испанийн эдийн засгийн дээд сургуульд оржээ. Гэвч угийн сонирхолгүй учраас эхийнхээ дургүйцэж байгааг ч үл тоон сургуулиа хаячихсан аж. Тэгээд хоёр жил дэмий сэлгүүцэж явахдаа дуучин болохоор зориглож, СУИС-д очиж шалтгалт өгөхөөр болжээ. Сонирхолтой нь, мань эр дуулаачийн ангид шалгалт өгөх гэж явснаа гэнэт жүжигчний анги руу урвачихсан байх юм. Азаар тэнцэж, урлагийн замд орсон царайлаг залуу маань ийн ирээдүй ханиа олж, их амьдралын алтан боломжийг атгаж чадсанаа тухайн үед мэдээгүй биз. Хэдийгээр мэргэжлийн дуучин биш гэх шүүмжлэл сонссон ч тэрбээр дуу хуураа хэзээ ч орхихгүй гэж өөртөө тангарагласан юм байх. Тиймээс урын сандаа арав гаруй дуутай болсон төдийгүй энэ намар шинэ цомог гаргах төлөвлөгөөтэй яваа гэнэ лээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ