Тавдугаар тойрог манай шатарчдад халгаатай өнгөрөв

img

Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны хооронд Туркийн Стамбул хотод болж байна. Тус олимпиадын тавдугаар тойргийн тоглолт өчигдөр явагдлаа. 150 орны багаас 56-д эрэмбэлэгдсэн Монголын эрэгтэй шатарчид энэ удаа Молдавын хүчирхэг багт хагас оноо ч авч чадалгүй 0:4-өөр дийлдсэн байна. Молдавын баг 23 дээр эрэмбэтэй бөгөөд багийн бүрэлдэхүүнд гурван их мастер, хоёр олон улсын мастер багтжээ. Манай багаас Б.Гүндаваа, Д.Шаравдорж, Г.Мөнхгал, М.Гүнбаяр нар (зураг дээр) тоглосон. 120 орны эмэгтэй багаас 21 дүгээрт бичигдсэн Монголын баг тавдугаар тавилд 27 дахь чансаат Азербайжаны багтай тоглож нийлбэр дүнгээр хожигдох нь тодорхой боллоо. Манай багаас их мастер Б.Мөнгөнтуул тэнцэж, Б.Анхчимэг, С.Отгонжаргал нар хожигджээ. Их мастер Т.Батчимэгийн Азербайжаны их мастер Г.Маммадоватай хийж буй тоглолт хараахан өндөрлөөгүй байгаа юм. Нэмэлт: Т.Батчимэг Азербайжаны их мастер Г.Маммадовад хожигдсоноор манай бүсгүйчүүд 0,5:3,5-аар хүндхэн ялагдал амслаа. Зургадугаар тойрогт тэд есдүгээр сарын 3-ны даваа гаригт 64 дэх чансаат Боливийн бүсгүйчүүдтэй учраа таарчээ. Эрэгтэй шатарчид маань зургадугаар тойрогтоо тус тэмцээний хамгийн сул чансаа бүхий, дөнгөж гуравдугаар тавилаас оролцож эхэлсэн Афганистаны сулхан багтай тоглохоор болсон байна. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ