
Пакистаны нийслэл Исламабад хотод ууртай олон нийт нэгэн охиныг бурхныг доромжилсон хэргээр буруутган, цагдаа нар олон нийтийн дарамтаас болж охиныг хорьсон хэрэг хоёр долоо хоногийн өмнө гарсан. Охиныг Римша гэдэг, сэтгэцийн өөрчлөлттэй байсан бөгөөд 14 настай ч оюун ухааны нас нь түүнээс бага байсан юм.
Охин христийн шашинтай гэр бүлийнх бөгөөд түүнийг Коран судрын хуудсыг хогийн уутанд хийж авч яван бурхныг доромжилсон гэсэн юм. Гэхдээ уг хуудсуудыг Халид Чишти хэмээх удирдагч өөрөө уутанд хийсэн гэдгийг гэрч баталсан байна. Цагдаа нар түүнийг баривчилжээ.
Долоо хоногийн эхээр охиныг өндөр хамгаалалттай шоронд байх хугацааг шүүгч дахин хоёр долоо хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Охины эцэг охиныхоо болон гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж байгаагаа хэлсэн юм. Тэрээр Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардаригаас охиныг нь өршөөхийг хүсчээ.
Бухимдсан олон нийтийн заналхийллээс болж Римшагийн эцэг эхийг хамгаалах байранд аваачсан бөгөөд бусад христийн шашинтай айлууд ч тэр хавиас нүүсэн юм.
Пакистаны хуулинд бурхан шүтээнийг доромжилвол маш хатуу шүүдэг бөгөөд энэ хууль нь хүмүүс хувийн өш хонзонгоо авахад ашиглагдах тохиолдол их байдаг. Өнгөрсөн жил хоёр ч томоохон улс төрчид энэ хуулийн заалтыг эсэргүүцсэнийхээ төлөө алагдсан юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ