
Байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд өрсөлдөж буй 19 тамирчнаас манай ОУХМ Б.Жавзмаа 524 (258+266) оноогоор VIII байрт шалгараад байлаа. Хасагдах шатны халз тулаан өчигдөр болж Жавзмаа Тайландын Васана Хутависапыг таван үед 4:6-гаар ялж шөвгийн наймд шалгаран үлдсэн.
Шөвгийн дөрөвт үлдэх эрхийн төлөөх харваа өнөөдөр орон нутгийн 10:00 цагаас (Улаанбаатарын 17:00) эхэлж, манай Б.Жавзмаа урьдчилсан шатнаас тэргүүлэн шалгарсан дэлхийн хошой аварга, Азийн пара наадмын мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Гао Фаншиатай халз өрсөлдсөн юм. Энэ хариуцлагатай даваанд 37 настай Жавзмаа 6:0-ээр (25:24, 24:21, 24:21) итгэл төгс ялж мөнгөн медалийн төлөө Бээжин-2008 паралимпийн аварга, дэлхийн хошой аварга, Азийн пара наадмын аварга БНСУ-ын Ли Хва Сүктэй харвахаар боллоо. 46 настай солонгос бүсгүй урьдчилсан шатанд 555 онож дөрөвдүгээрт жагссан байна. Жавзмаа түүнтэй хоёр удаа учраа таарч 2009 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө, мөн 2010 оны Азийн пара наадмын шөвгийн наймд ялагдаж байжээ. Одоо түүнийг ялсан тохиолдолд Лондон-2012 паралимпийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.
Лондон хотоос "Шууд" телевиз, www.shuud.mn-ий тусгай сурвалжлагч А.Алтанчимэг, зураглаач Ш.Гантуул нар мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ