Р.Батрагчаа: У.Хүрэлсүх боолтноос гарахын тулд биеэ хамгаалсан гэж бодож байна
Ээлжит бус чуулганы үеэр өнгөрөгч долоо хоногт хоёр намын гишүүн хоорондоо зодолдсон мэдээлэл сайтуудын халуун сэдвийн нэг байлаа. Түүнчлэн УИХ дахь намын бүлэг байгуулах эрх зүйн орчинг ч талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа зэргээр сонгогчдод эргэлзээ төрүүлсэн олон асуудал гарч буй. Тиймээс улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар зарим залуу намын гишүүдийн байр суурийг сонслоо. Энэ удаад Шууд.мн сайтын зочноор Олон улсын баарын /хуульчдын/ холбооны гишүүн, Английн хуульчдын холбооны гишүүн, Америкийн баарын /хуульчдын/ холбооны гишүүн, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, олон улсын хуульч Р.Батрагчаа оролцож байна.
-У.Хүрэлсүх гишүүн зодоон хийж ёс зүйн алдаа гаргалаа гэсэн шүүмжлэл олон нийтийн зүгээс их байна. Үүнд намын залуу гишүүний хувьд ямар дүгнэлт өгч байна вэ?
-Би ойрхоноор сэтгүүлчтэй холбоотой жишээ татъя. Ахмад сэтгүүлч өрөөндөө орж ирээд сууж байдаг. Гэтэл сэтгүүлч болоод хэдхэн жил болж буй залуу сэтгүүлч орж ирээд хэл амаар доромжлоод унавал яах вэ. “Хөөе хөгшин төгцөг чамайг шоронд хийнэ. Шонд өлгөнө. Чиний чадах юм байхгүй" гээд доромжлохоор ахмад сэтгүүлч нь “Чи юу гээд байна” гэхээр өмнөөс нь салаавч гаргавал яахав. Заамдаж аваад боовол яах вэ. Боолтод орсон хүн хариу үйлдэл хийнэ шүү дээ. У.Хүрэлсүх гишүүний хувьд аргагүй хамгаалтад хийсэн юм болов уу гэсэн бодол төрж байна. Гишүүн У.Хүрэлсүх бол эрчүүдийн дунд болсон асуудал л гэж байна. Нэг талаасаа эр хүний асуудал гэж ойлгож болох ч тэр доромжлолыг тэвчиж байгаад би гайхаж байна.
-МАН-ын гишүүд хоцрогдсон гэсэн шүүмжлэлийг гишүүд хуралдааны үеэр их хэлэх юм билээ...
-МАН-д хамгийн шударга, өндөр боловсролтой залуус элсч байгаа гэж боддог. Намын бодлого ч залуу үеэ дэмждэг. МАН-ын залуучууд ажил хийдэг. Дуугүй байдаг. Хэтэрхий завгүй ажилладаг учраас иймэрхүү доромжлолыг сонсоод сууж байна л даа. МАН-ын залуучууд ажиллаад, бизнес хийгээд завгүй явна. МАН хөгшчүүлийн нам биш. Яахав бид завгүй ажилладаг учраас бидний дуу хоолой дутаж байж магад. Шинэчлэл бол манай намд бий. Миний бодлоор facebook, twitter-ээр худлаа яриад сууж байгаа хүмүүс бол хэт завтай байна. Бидний хувьд ажил ихтэй учраас интернэтээр хов ярьж, элдэв зүйл бичих зав алга. Магадгүй, үүгээрээ бурууддаг байх л даа. Гэхдээ одоо бол тэвчээр барагдаж байна. Байнга доромжлоод, дайраад байхаар дуугүй суух хэцүү болж эхэллээ.
-МАН-ын залуус удирдлагуудтайгаа хэр харилцаатай байдаг юм бэ?
-МАН залуучуудын хэд хэдэн бүлгэм бий. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо зэрэг намын дэргэдэх байгууллага бий. Үүнээс гадна намын дэргэдэх байгуулагад харьяалалгүй нь ч бий. Бид уулзалддаг. Бас л бизнес эрхэлдэг, тодорхой ажил эрхэлдэг учраас тэр бүр уулзах боломж хомс. Гэхдээ хаяа уулзана. Санал бодлоо солилцоно. Асуудлаа удирдлагын төвшинд тавьдаг. Хамгийн гол нь МАН-ын залуус ажил хөдөлмөр эрхэлж байна. Бизнес хийж байгаа. Үүнийгээ дагаад татвар төлж байгаа шүү дээ. Тэрхүү татвараар биднийг муулаад, доромжлоод байгаа нэг хэсэг хүнийг тэжээж байна. Тэгэхээр зарим нэг нь бухимдахаас өөр аргагүй.
Ер нь МАН тэвчээртэй хүлээлээ. Аливаа зүйл зөв гольдролдоо орчих болов уу гээд хүлээлээ. Бүх л бүтэн Монголчуудын 40 хувийн төлөөллийн эрхийг АН хасч, боож болохгүй.
-УИХ-ын даргыг сонгосон процесс нь эрх зүйн чадамжгүй гэж үзсэнээс маргаан эхэлсэн. Одоо МАН-ын зүгээс Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байгаа. Олон улсын хуульч хүний хувьд анхдугаар чуулганы тухай маргааныг яаж харж байна вэ?
-Миний ойлгосноор УИХ-ын анхны чуулган дуусах үед УИХ-н даргын зөвлөлийн дэргэдэх хурал болж МАН-ын бүлэг байгуулах талаар тохирсон юм билээ. УИХ-н даргын зөвлөлд намуудын дарга нар, УИХ суудалтай намуудын бүлгийн дарга нар, УИХ-ын дэд дарга нарын бүрэлдэхүүнтэй байдаг. Харин одоогийн УИХ-ын даргын зөвлөлд МАН-аас зөвхөн намын дарга нь оролцож, бүлэг байгуулах талаар ерөнхийдөө тохиролцоод салсан байгаа юм. Гэтэл өнгөрөгч долоо хоногийн лхавга гарагт товлогдсон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад бүлэг байгуулах тухай асуудлыг оруулаагүй юм байна. Чуулганы хуралдааны үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин энэ талаар “Та нар манай намын бүлэг байгуулахыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байна” гэсэн зүйлийг хэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын даргад дээрх шаардлагыг мөн уламжилсан байгаа юм. Тэр “Та нар Монгол улсын сонгууль өгсөн хүн амын 40 хувийг төлөөлж буй намыг бүлэг байгуулах эрхийг боогдуулж байна” гэсэн шүүмжлэлийг хэлсэн байна лээ. Ер нь бол УИХ-д наймаас дээш суудалтай аливаа нам бүлэг байгуулснаар улс төрийн намын УИХ дахь эрх зүйн статус нь бий болдог. Бүлэг байгуулагдаагүй тохиолдолд тухайн намыг УИХ-д суудалдтай нам гэхээс илүүтэйгээр сул гишүүд гэж үзэх тохиолдолд байдаг. Гэхдээ Монгол улсын Үндсэн хуулийн хорин дөрөвдүгээр зүйлд “УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвсэлийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гээд заассан нь МАН автоматаар намын бүлэгтэй болох зохицуулалтыг Үндсэн хуулиар хуулчилсан байдаг. Хоёрдугаарт, УИХ-ын байнгын хороонд МАН-ын гишүүд харьяалагдах боломжийг АН өнгөрсөн чуулганаар баталсан УИХ-ын тухайн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хязгаарласан асуудал хөндөгдсөн. Учир нь АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран батласан уг нэмэлт өөрчлөлтийн дагуу МАН-ын гишүүдээс бусад бүх гишүүд байнгын хороонд хуваагдан орж, МАН-ын гишүүдээс байнгын хороонд зөвхөн нэг, хоёр гишүүн л орохоор зохицуулалт хийсэн нь ардчилсан төрөөс нэг намын дарангуйлал бүхий төртэй улс руу шилжих эхлэлийг тавьж байгаа юм. Улс төрийн үйл явц анхнаасаа хууль зөрчсөнийг та бүхэн мэдэх байх. УИХ дахь АН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч эхнээсээ асуудлаа хүчээр хууль зөрчиж шийдвэрлэж эхэлсэн. Эхний үйлдэл бол УИХ-ын даргыг сонгосноос үүдэлтэй. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд заасан ардчилсан ёсны зарчмын дагуу бол олонх нь цөөнхөө сонсдог, цөөнх нь олонхоо хүндэлж, гаргасан шийдвэрийг нь хүндэтгэн дагадаг тийм л ардчилсан нийгмийг Монгол улсад бий болгох гэж өнгөрсөн 20 гаруй жилд улс төрчид зорьсон. Гэтэл саяны УИХ-ыг даргыг сонгох процесс нь энэхүү ардчилсан ёсны зарчмыг алдагдуулсан гэж хэлж болно. Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон байдаг. Гэтэл нөгөө АН-ынхан бүхнийг хүчээр шийдэж эхлэснээс үүдэн Үндсэн хуулиар эрхэм зорилгоо болгоод буй ардчилсан нийгэмээ цогцлон хөгжүүлэх бус харин нэг намын дарангуйлал бүхий тоталитор нийгэм рүү шилжих эхлэлийг тавьж өглөө гэсэн хардлага төрж байна л даа. Магадгүй, ийм жишиг тогтвол Монголын улс төрд том эмнэгэл бий болно. Юу вэ гэхээр хамгийн түрүүнд хуулийг хэн зөрчив гэдэг асуултад хариулт хайя. Ерөөсөө л 2012 оны бүх нийтийн сонгуулийн дүнд бий болсон УИХ нь даргаа сонгохдоо л УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11.2-рт “Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч зарлаж хуралдуулна. Тангараг өргөсний дараа УИХ-ын даргыг сонготол гишүүдийн хамгийн ахмад нь хурал даргална” гэсэн заалтыг зөрчсөн. Хэрэв уг хуулинд чуулганд оролцож байгаа гишүүдийн ахмад нь гэсэн бол өөр асуудал. Гэтэл УИХ-ын насаар хамгийн ахмад гишүүн хурал даргална гэсэн зарчмыг зөрчихөөр нөгөө Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмаа шууд утгаар нь алдагдуулж байгаа юм л даа. Яагаад гэхээр хууль дээдлэх зарчим бол ялангуяа хууль тогтоох дээд байгууллагын үндсэн зарчим байх ёстой. УИХ дахь АН-ын бүлэг, гишүүд нь энэхүү зарчмыг зөрчихөөр бусад нь яах болж байна вэ. Хууль мөрдөх үү. Үүнээс эхэлж АН-ын хууль зөрчсөн эхлэл тавигдсан гэж ойлгосон.
-Анхнаасаа л хууль зөрчсөн гэж үзэж байна уу та?
-МАН бүлэг байгуулах тухай асуудлаа хууль бусаар сонгогдсон УИХ-ын даргыг сонгогдсоноос хойш 24 цагийн дотор УИХ-ын Тамгийн газарт хүргүүлсэн гэдгийг бүгд мэдэх байх. Төрийн байгууллага нэгдүгээрт, ардчилсан ёсны зарчим, хоёрдугаарт, хууль дээдлэх зарчмыг яс баримтлах ёстой. Шударга ёс, тэгш байдал, эв нэгдлийг хангах зарчим бол энэ хоёр зарчмын дараа яригддаг асуудал. Хамгийн гол нь дээрх хоёр зарчмыг АН алдагдуулж байгаа юм л даа. Алдагдуулж эхэлсэн нь буруу.
Хоёрдугаарт, энэ удаа ч тэр, өмнөх УИХ-д байсан алдаа одоо хүртэл үргэлжилж байна. Монгол Улс эрх зүйт төрийг бий болгохыг зорьж байна. Иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийг цогцлон хөгжүүлэхэд хэрэглэдэг гол арга, хэлбэр бол төрийн эрх мэдлийг хуваарилах онолын дагуу эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн гэж 3 хуваадаг. Гэтэл энэ эрх мэдэл одоо алдагдаж эхэлсэн. Тодруулбал, хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл нь хоорондоо хутгалдчихсан. Засгийн газартай ямар нэг хариуцлага ярих гэхээр УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүн болчихоод байгаа. Хэрэв 39 гишүүн суугаад чуулганаар асуудлыг хэлэлцэхэд хүрвэл Засгийн газрын 10 гаруй гишүүн нь орж ирнэ одоогийнхоор. Тэгэхээр чуулганд оролцож байгаа гишүүдийн тал нь Засгийн газрын гишүүд болчихоор УИХ-аас гарах шийдвэр Засгийн газрын талд гарах нь тодорхой. Ингэхээр засагтаа хариуцлага тооцох механизм нь байхгүй л болно гэсэн үг. Энэ нь нөгөө л буруу жишгийг тогтоож байгаа юм. Энэ мэтчилэн АН-ын одоогийн гаргаж буй үйлдэл, зан авир нь нөгөө бидний байгуулахаар зориод буй хүмүүнлэг ардчилсан нийгмээ тоталитор нийгэм рүү шилжүүлж, нэг намын ноёрхол тогтоох гээд байгаа юм шиг дүр зураг харагдаад байна л даа. МАН ч тэр АН ч тэр аль аль нь олонх болж байсан өнгөрөгч жилүүдэд, олонх нь цөөнхөө сонсдог байсан. Сонсдог байсан учраас АН засгийн эрх барьж байсан 1996-2000 онуудад АН цөөнхийн тусламжтайгаар дөрвөн удаа засгаа сольсон байдаг. Гэтэл одоо цөөнхөө сонсохгүй, ардчилсан ёсны зарчмаас ухрах нь зүйтэй юм байна гэсэн үзлээр АН бүхнийг хүчээр шийдэж байгаа нь нэг намын систем рүү шилжих эрсэдлийг бий болгоод байна. Харин Англи, Японы парламетад ийм асуудлаас урьдчилан сэргийлээд хуульдаа зохицуулалт хийсэн байдаг. Тухайлбал, Англид цөөнхийнхөө үгийг сонсдог, долоо хоног бүр цөөнх, олонхийн бүлэг мэтгэлцдэг. Эрх барьж буй тал нь өөрсдийгөө хамгаалдаг. Харин цөөнх нь болохгүй зүйлийг шүүмжилж мэтгэлцдэг. Энэ нь цөөнхийн үгийг сонсч, олонх нь шийдвэрээ гаргадаг гэсэн үг. Түүнээс биш цөөнхөө сонсохгүй шийдвэр гаргадаг ардчилсан улс одоогоор дэлхийд байхгүй. Магадгүй, Хятад, Хойд солонгост байдаг л байх. Манайх тэрхүү орны араас л орох нь л дээ. Энэ удаад АН УИХ-д бусад намуудаас олон суудалтай болсон ч гэсэн ирэх жилүүдэд олонх болж гарч ирсэн нам нь АН-ын тогтоосон жишгээр асуудлыг шийдээд явбал яах вэ. Арчилсан нийгмээс ухарсан буруу жишгийг АН одоогоор тогтоож эхлээд байгаа юм.
-МАН бүлэг байгуулах хугацаа байсан шүү дээ. Үгээ хэлэх боломж ч тэр?
- Би нэг жишээ татья. Монголын нэг томоохон мэдээллийн сайтын эрэн сурвалжлах албаны дарга, сэтгүүлчийг эзгүй хойгуур нь албан тушаалыг нь өөрчилж. Харин албаны даргын албан тушаалыг өөрчлөхдөө заавал өөрийг нь байлцуулж байж шийддэг журамтай байж. Гэтэл тухайн даргыг хуралд байлцуулахгүйгээр дотоод журмаа, хуулиа зөрчихсөн байна гэж бодье. Тэгэхээр та үүнийг хууль ёсны гэж үзэх үү. Мэдээж албаны дарга үүнийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл журмаа зөрчсөн учраас. Үүнтэй яг адилханаар УИХ-ын насаар хамгийн ахмад гишүүн чуулганы хурал зарлачихаад байхад АН чуулганы хуралдаан зарлах эрх зүйн үндэслэл байхгүй хэр нь хуралдаан товлоод чуулганы хурал товлох эрхтэй насаар хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл гишүүний хууль ёсны үйлдлийг уландаа гишгин хүчээр чуулганы хурлыг товлосон өдрөөс нэг хоногийн өмнө УИХ-ыг зарласан хуралдуулж УИХ-ын даргыг сонгосон үйлдэл хийж байгаа нь зөв үү, буруу юу. Ингэж хууль зөрчихөөр таны хэлж байгаа шиг МАН-ын гишүүд чуулганы гаднаас орилж байгаа бол хууль бус үйлдлийг тэвчиж чадахгүй байгаагийн тод илрэл. Хэрэв ингэж хашгирахгүй бол АН бусад нам, эвсэлтэй нийлэн хууль бус үйлдэл хийх нь дэндээд байсан байх л даа. Хүчээр асуудлыг шийдээд эхлэхээр МАН тормосыг нь татах гэж оролдож байна шүү дээ. Ер нь иймэрхүү байдлыг харахаар хуульч хүний хувьд дуугай байж чадахгүй байна.
-МАН-ын гишүүдэд хэр шүүмжлэлтэй хандаж байна. Эсвэл танай намын гишүүд огт буруугүй юм уу?
-Алдаа гаргаагүй гэж хэлэхгүй. Ажил хийж байгаа хүн алдаа гаргахгүй байна гэж байдаггүй юм. Хэзээ ч шүү. Аливаа ажилд ололттой ч тал бий. Дутагдалтай тал ч бий. АН өнгөрсөн дөрвөн жилд маш олон завсарлага авч, төрийн ажлыг гацааж л байсан. Тэр үед цөөнхийн үгийг олонх болсон МАН сонсч л байсан. Мэдээж дутагдалтай тал байсан. Эрх мэдлийг хуваарилах зарчмаа гажуудуулж байсан нь үнэн. Анхнаасаа Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй хуулийн зохицуулалтыг баталж болох л байсан. Энэ мэт засч залруулах зүйл зөндөө бий. Харин АН энэ гажуудлыг засна гэчихээд одоо болохоор эсрэг юм үйлдэл хийгээд эхлэхээр нэг намын тогтолцоо руу орох нь гэсэн айдсыг төрүүлж байгаа нь нууц биш.
-Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын гишүүний үгээр л бүхэл бүтэн нам хөдөлдөг юм биш үү. Дарамт бий юу?
-Дарамт байхгүй. Иймд дарамт байдаг гэж сонсоогүй, мэдрээгүй юм байна. Намын гишүүдэд ямар ч дарамт хэнээс ч ирдэггүй. 200 гаруй гишүүний үг хэлэх эрхийг нэг хоёр хүн хаана гэдэг боломжгүй шүү дээ. Тэр атгана, дарамтлана гэдэг үг хэллэг манай намд хэрэглэгдэж байгаагүй. Харин ч МАН дотоод ардчилал сайн. Залуучууддаа дэмждэг. Гэтэл хамгийн сайн ардчилалтай гээд өөрсдийгөө нэрлэдэг АН-ынхныг хар л даа. Нөгөө 90-ээд оны партизанууд одоо засагт орчихсон явж байгаа биз дээ. Гэтэл өнгөрсөн 4 жилд болон одоо ч гэсэн 90-ээд онд МАН-ыг удирдаж байсан хүмүүс байна уу. Үгүй ш дээ. Нэг ч байхгүй, бүгд шинэчлэгдсэн байгаа биз дээ.
-У.Хүрэлсүх гишүүн байнга л зодоон хийх юм. Энэ хүн ёс зүйтэй улс төрч мөн үү?
-Салаавч гаргах жишиг Монголын улс төрд, тэр дундаа УИХ-д моод болжээ. Төрийн түшээд салаавч гаргадаг жишиг тогтоочиж. Харин У.Хүрэлсүх энэхүү салаавч гаргаж буй үйлдлийг таслан зогсоож байгаа нь зөв. Энэ арай дэндэж байна. Төрийг доромжилж болохгүй шүү дээ. Төрийг доромжилж байгаа томчуудын толгойг илж болохгүй шүү дээ. Яг үнэндээ ёс зүйн алдааг хэн нь гаргасан юм. У.Хүрэлсүх ”Би цэргийн хурандаа хүн. Бэлтгэгдсэн офицер хүн” гэж хэлсэн байна лээ. Гэтэл Г.Баярсайханы боолтыг тавиулахын гаргахын тулд хальт цохисон. Бэлтгэгдсэн офицер хүнийг жинхэнээсээ цохих бол нам цохих байх. Иймд хүн Г.Баярсайханыг жинхэнээсээ цохих бол түүнээс юу үлдэхэв. Ер нь У.Хүрэлсүх гишүүн танхайрсан уу, үгүй юу гэдгийг бодолцох ёстой. Биеэ хамгаалсан л үйлдэл юм биш үү гэж харж байна би.
-Танай өвөө МАН-ын анхны дарга байсан хүн. Таны бодлоор МАН одоо өөрчлөгдсөн байх гэж бодож байна уу?
-Анх С.Данзан, Бодоо тэргүүтэй Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тэмцэж байсан хэсэг нөхөд Монголын ард түмний төлөөлөл болон харийн түрэмгийлэгчдийн төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй тэмцэж байж 1921 оны ардын хувьсгалыг хийсэн. Ардын намыг 1920 онд байгуулж, анхны даргаар 1921 онд С.Данзанг сонгож байсан. Түүнээс хойш МАН-ын үе үеийн удирдлагууд хатуу хавчлага, дарамтын доор Монголын тусгаар тогтнолыг хамгаалахыг зорьж ирсэн. 1990 онд Монгол улсыг тайван замаар ардчилсан нийгэм рүү шилжүүлсэн. Тэр үед мунхаг удирдагч байсан бол цус урсгах эрсдэл ч байсан. Одоо ч гэсэн ардчилсан нийгмийг цогцлон хөгжүүлэхийн тулд АН-ын түрэмгийллийг зогсоох гэж оролдож байна. Гэтэл нөгөө ардчиллын төлөө тэмцэгч гээд байгаа нөхдүүд маань АН гэсэн халхавчийн доор эрх мэдэл, албан тушаалын төлөө ардчилсан нийгмээс ухарч тоталитари нийгмийг байгуулах гээд байгаа юм биш үү.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ