
Сүүлийн жилүүдэд чих дэлсэж, хамрах хүрээгээ нэмэх болсон нэгэн шашин бол Мүүн билээ. Нэг ёслол дээр хэдэн мянган хүнийг зэрэг гэрлүүлдэг гэдэг энэ шашны салбарууд дэлхийн олон оронд байх болж монголд ч байгуулагдсан.
Сан Мён Мүүн гэгч 1950-аад онд Сөүлд нэгэн сүм байгуулж, гишүүдийг нь Мүүнийхэн гэдэг болсноор олонд танигджээ. Энэхүү урсгалыг нээж, олон сая гишүүд дагагчтай болсон эрхэм харин өнөөдөр 92 насандаа өөд болсон байна.
Тэрээр дэлхий даяар хэвлэл мэдээлэл, зэвсгийн үйлдвэр, их сургууль, хүнсний дистрибьютер гээд олон компанитай бөгөөд хүмүүсийн тархийг угааж ашиг олсон хэмээн буруутгагдаж байсан. Сан Мён үүнийг үгүйсгэсэн ч 1982 онд татвараас зайлсхийсэн нь нотлогдож 11 сарыг шоронд өнгөрөөхөөс өөр аргагүй болж байсан юм.
Тэрээр уушгины үрэвслээр өвдөж, хоёр долоо хоногийн өмнө өөрийн сүмийн харъяанд байдаг эмнэлэгт хэвтсэн байна. Харин даваа гаригт Сөүлийн зүүн хойд хэсэгт байрлах гэрийнхээ ойролцоо эмнэлэгт нас барсныг сүмийн албаныхан мэдэгджээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ