
ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин, Буриад улсын Ардын жүжигчин Намхайн Н.Мөнхзултай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард тус улсын Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаасан юм.
-Буриад улсын Ардын жүжигчин цол хүртсэнд тань баяр хүргэе. Та аль нутгаар овоглодог билээ?
-Эмээ өвөө, аав маань Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул. Хэдийгээр эмээ өвөө хоёр маань хотод ирж суурьшсан ч аавын минь төрж өссөн нутаг болохоор би өөрийгөө Баянхонгор аймгийн харьяат гэж овоглох учиртай. Нутагтаа очиж олон сайхан тоглолтод оролцож байсан учраас үргэлж санаж явдаг юм. Би хотод төрсөн л дөө. 2003 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгсч ДБЭТ-т жил гаруй хугацаанд ажилласны дараа ОХУ-ын Буриад улсын дуурийн театрын урилгаар тийшээ очсон. “Өөрийгөө магтахгүй бол хэн намайг магтах вэ” гэдэг шиг амжилт бүтээлээсээ хуваалцахад буруу юу байхав. 2006 онд Буриад улсын ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат жүжигчин цол хүртсэн. Мөн энэ оны гуравдугаар сард Буриадын хоёр дахь ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртсэн сайхан мэдээгээ Баянхонгор нутгийнхаа ард түмэнд дуулгахад сайхан байна. Тус театрт найман жил гаруй хугацаанд ажиллахдаа сонгодог урлагийн олон дуурьт тоглож, уралдаан тэмцээнд амжилттай оролцлоо. Энэ ч утгаараа, Буриадын ард түмэн маань намайг дэмжиж энэ өндөр зэрэгтэй шагнал, нэр төрийг хүртээсэн болов уу. Мөн би хоёр ч ерөнхийлөгчийнх нь гараас нэр хүндтэй шагнал гардсандаа баяртай байна.
-Буриад улсын хэд дэх Ардын жүжигчин болсноо судалж үзэв үү, та?
-Би тоолж үзээгүй, гэхдээ их олон бий. Над шиг залуу хүн битгий хэл, насаараа урлагт зүтгэж байгаад Ардын жүжигчин цол авсан хүн ч цөөнгүй. Монголоос гэвэл Жаргалсайхан багш, Үенч гавьяатын хүү Баттүвшин, бид гурав байна даа.
-Сонгодог урлагийг сонгох болсон шалтгаан тань юу байв?
-Бага байхаасаа эхлэн дуулж, олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан маань нөлөөлсөн биз. Дунд сургуулиа төгсөөд “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, түүний эхнэр У.Урнаа болон “Уруулын будаг” хамтлагийн ахлагч Б.Дэлгэрмаатай хамт алдарт “АВВА” шиг хамтлаг байгуулан жил гаруй хугацаанд дуулж байсан түүхтэй. Энэ бүхэн маань дуучин болох бэлтгэл сургуулилт болж, СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орсон доо. Миний багш Монгол Улсын Ардын зураач Л.Гунгаасүх гэж буриад хүн бий. Ленинградад сурч байхдаа буриад эхнэр авч, тэнд залуу дуучдыг бэлтгэж эхэлсэн юм билээ. Би 1997 онд гавьяат багш Б.Дашмаагийн удирдлаган дор СУИС-ийг төгссөн. Оюутан байхдаа эстрад дуу дуулах сонирхолтой байсныг ч хэлэх үү. “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы байгуулсан “АВВА” хамтлагт хоёр жил дуулж, хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж байлаа. Харин багш маань “Чи заавал сонгодог урлагаар явах хэрэгтэй шүү. Энэ тал дээр их амжилт гаргах хүн” гэж үргэлж захиж, анхаарч гүйсний хүчинд намайг тогтоож билээ.
-Манай дуучид ОХУ-д зохиогдсон олон улсын уралдаанд өндөр амжилт гаргаж байгаа. Буриадад ажиллаж байгаа хүний хувьд, амжилт гаргахад хэр их боломжтойг судалсан байх?

-Тиймээ, урьд нь олон улсын уралдаанд монголоос оролцох хүн цөөн байсан. Боломж, нөхцөл нь ч бас тааруухан байсан биз. Харин би тэнд очоод ОХУ-д зохиогдож буй уралдаан тэмцээнд тогтмол оролцдог болсон. Намайг анх хүлээж авсан хүн бол ОХУ-ын Ардын жүжигчин У.Дариймаа. Багш маань олон дуучныг уралдаан тэмцээнд бэлтгэж оруулдаг. Хамгийн анхных нь Монгол Улсын гавьяат жүжигчин П.Ганбат ах шүү дээ. Ер нь тэнд зохиогддог уралдаан тэмцээнд оролцох, ОХУ-ын томоохон хотуудын театрт очиж дуулах, аялан тоглолт хийх, янз бүриийн концертод оролцох боломж нээлттэй байдаг. Тэгээд ч ОХУ-ын театрууд уран бүтээлчдийн солилцоо хийж тоглох юмуу томоохон дуурийн талаархи мэдээллээ интернэтээр тарааж, тухайн дүрд дуулах уран бүтээлчдийг сонгон шалгаруулж, урьж тоглуулдаг юм билээ. Харин манайд ердөө ганцхан л театр байна шүү дээ.
-Буриадын олон дуучнаас ялгарч чадсан болохоор тэнд ажиллах урилга авсан нь тодорхой. Та сонгодог урлагийн хэчнээн бүтээлд тоглосон бэ. Мөн хувийн уран бүтээлийнхээ тухайд?
-Намайг анх очиход залуу дуучин цөөхөн байсан бол одоо огт өөр. Тийм болохоор өрсөлдөөн ихтэй, цаг ямагт бэлтгэлтэй байхгүй бол болохгүй. Миний хоолой баритон учраас олон сайхан дүрд тоглосон доо. Сүүлд тооцож үзэхэд би “Кармен”, “Игорь ван” зэрэг 16 дуурийн гол болон туслах дүр бүтээсэн байна лээ. Хувийн уран бүтээл гэвэл 2009 онд Буриад улсад анхны бие даасан тоглолтоо хийсэн. Өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан тоглолт хийлээ. ОХУ-ын гурав, дөрвөн хотод тоглолтоо хийж байсан. Буриадын зохиолын дуунууд болон 1960, 1970-аад оны үеийн Оросын хит дуунуудыг уран бүтээлдээ оруулсан болохоор хүмүүс их сайн хүлээж авдаг. Энэ мэтээр зөвхөн дууриар зогсохгүй өөр олон төрлийн дуу дуулдаг юм.
-Монголдоо тоглолт хийх үү?
-Уг нь өнгөрсөн хавар хийхээр төлөвлөсөн ч ажил гараад амжсангүй. Ирэх аравдугаар сард манай театр германчуудтай хамтарч томоохон дуурь тавих юм. Түүний дараа шинэ оноос өмнөхөн эх орондоо ирж тоглолт хийх бодолтой байгаа.
-Таны цаашдын төлөвлөгөөг сонирхмоор байна. Европын урлагийн ертөнцөд ч өөрийгөө таниулах хүсэл эрмэлзэл байгаа байх?
-Одоо л тэр үе маань эхэлж байна. Нас, уран бүтээлийн туршлагаа бодсон ч тэр. Би бүр 50 нас хүртлээ ч сайхан дуулж болно шүү дээ. Дэлхийд алдартай том театруудад дуулах санал ирж байгаа, цаашид ч ирэх байх. Одоохондоо энэ театртаа ажиллана аа. Цаашид монголынхоо театрт дуулах хүсэл эрмэлзэл их байлгүй яахав. Цаашаа ч явна, наашаа ч ирнэ./инээв/
-Хамт суралцаж төгссөн үе тэнгийн уран бүтээлчид тань ч мөн чамлахааргүй амжилттай яваа. Тэдний тухай яриач?
-СУИС-иас нэг жилийн чөлөө авсан болохоор анх орсон ангийнхантайгаа цуг төгсч чадаагүй л дээ. Анхны ангид маань дуучин Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа, Б.Хишигбаяр, Г.Ариунбаатар, Н.Батцэнгэл, Ө.Уянга, Б.Мөнхбат, Г.Булган-Эрдэнэ нар байсан. Одоо хэр нь тэдэнтэйгээ холбоотой явдаг шүү. Харин хамт төгссөн ангийнхан маань гэвэл гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан, Г.Хонгорзул нар байна. Тус бүр өөрсдийн сонгосон замаар явж, амжилт бүтээлээрээ олонд танигдаж яваа чадварлаг уран бүтээлчид болсон доо.
-Та бол монголын сонгодог урлагийн өнгө төрхийг тодорхойлж яваа, цаашид хөгжлийг нь түүчээлэх чадварлаг дуучдын нэг. Харин сонгодог урлагийн өлгий болсон томоохон орнуудтай харьцуулбал манайх ямар түвшинд байгаа бол?

-Сургуулиа төгсөөд нэлээд хэдэн жил болчихлоо, уран бүтээлчдийн хувьд дунд үе рүүгээ орж байна. Олон сайхан залуу дуучин гарч ирлээ. ОХУ-д болсон томоохон уралдаанаас сүүлийн хэдэн жил дараалан эхний байрт шалгарч байна шүү дээ, тэд. Үүнээс үзвэл манай монголын сонгодог урлагийн зэрэглэл өндөр байсан гэсэн үг. Дэлхийд алдартай театруудад ажиллаж буй чадварлаг дуучидтай өрсөлдөж, тэргүүн байрт шалгарна их том үзүүлэлт. Манай дуурийн театр ч гэсэн Европ болон дэлхийн олон театруудтай хамтарч ажиллах болсноор шилдэг уран бүтээлчид ирж тоглож байна. Цаашдаа ч гадаад харилцаагаа улам хөгжүүлэх байх. Мөн манай театрынхан сүүлийн хэдэн жил тасраад байсан холбоогоо сэргээж, Буриадын театртай уран бүтээлчдээ солилцож тоглож байгаа нь үнэхээр сайхан санагддаг. Эх оронд маань чадварлаг дуучдыг төрүүлэх олон сайхан уралдаан зохиогддог болж. Энэ чинь маш их хэрэгтэй. Эдгээр уралдаанаа дэлхийд таниулж чадвал алдартай дуучид оролцож, цар хүрээгээ улам бүр нэмэх боломжтой.
-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу. Буриадын театрт ажиллаад хэр цалин урамшуулал авдаг бол?
-Гэр бүлийн амьдрал зохиосноос хойш 12 жил өнгөрч. Буриад улс руу тухайн үед гэр бүлээрээ явсан юм. Одоо эхнэр, хоёр хүүхэдтэйгээ хамт сайхан л амьдарч байна. Тэндхийн өртөг өндөр учраас цалин хангамж маань ч гайгүй. Бас эх орондоо ойрхон байгаа учраас шаардлагатай зүйлсээ эндээс авах юмуу ирж очоод болж л байна.
-Нутгаараа очих зав хэр гарч байна даа. Бөх, морь хоёрт хорхойтой биз?
-Багадаа нэг их очиж чаддаггүй байсан. Ах, эмээ хоёр маань тэнд амьдардаг учраас боломж гарвал нутгаа зорино. Сүүлийн хоёр, гурван жил байнга л очдог болсон. Өнгөрсөн жил нутагтаа очоод ойн тоглолтод нь оролцсон доо. Эр хүний хувьд хурдан морь, бөх гээд л сонирхоно оо, сонирхоно.
-Нутагтаа тоглолт хийх тухай бодож байв уу?
-Бодолгүй яахав. “Энэ нутгаас төрсөн хүү чинь ингэж явна” гэж ард түмэндээ өөрийгөө таниулах нь зүгээр юм болов уу. Баянхонгор нутгийнхаа ард иргэд, тэнд амьдарч байгаа эмээ, ах, эгч нар, хамаатан садандаа эрүүл энх, сайн сайхныг хүсмээр байна. Тун удахгүй өөрийн тоглолтоор уулзахын ерөөл тавья.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ