
Лондон-2012 олимпийн наадмаас Монголын багийн ээлжит медалийг авчирсан, олимп болон дэлхийн хос хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн гэрт Шууд.мн сайтын сурвалжлах багынхан зочиллоо. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг гэртээ биднийг өнгөрөгч долоо хоногт урьж “Гэрт нь авсан гэрэл зураг” булангийн зочноор оролцсон юм. Тэрбээр олимпийн наадамд оролцсон талаараа хуучлахдаа “Өндөр амжилт гэж юуг хэлэх билээ, түүнд хүрэх бодолтой байсан. Эхлээд Чехийн Зденек Хладек, хоёрын даваанд Маврикийн Ришарно Колин, медалийн төлөө нутгийн боксчин Томас Столкерийг ялж, хагас шигшээд Украины Денис Беринчикт хожигдчихлоо. Бүх өрсөлдөгч сайн учраас амархан медаль байсангүй. Бэлтгэлийн хувьд сайн базааж, ер нь тогтмол бэлтгэлтэй байсан даа. Ер нь Бээжингийн олимпод хожигдсоны маргаашаас л бэлтгэл эхэлсэн дээ. Бэлтгэл бараг тасраагүй. Харин энэ олимпийн циклд бэртэл гэмтэл аваад жаахан хэцүү байсан. Олон хоног Лондонд жин барьсан болохоор сүүлийн тоглолтуудад их ядарч, тамирдсан” гэсэн юм. Түүнчлэн хүрэл медалийн төлөөх тоглолтынхоо талаар нутгийн тамирчинтай нэлээн илүү тоглож байж ялалт авна гэсэн бодолтой байсан. Мэдээж хожно, ялна, байгаа бүхнээ гаргана гэж бодож байсан гэсэн юм. Өмнө нь гурав дахь олимпдоо хүч үзлээ. Цаашид хэр удаан бокс тоглох бодолтой байна гэсэн сэтгүүлчийн асуултад хүрэл медалийн болзол хангасныхаа дараахан “Ямар ч байсан ирэх жилийн ДАШТ-д үзэх бодолтой. Ер нь дараагийн олимпод тоглоно гэвэл болно л доо, гэхдээ тэнд оролцох бодол алга. Боксыг яг хэдийд орхихоо хэлж мэдэхгүй байна” гэсэн хариулт өгч байжээ. Олон тайлбар бичилгүй монголчуудын бахархал болсон гавьяат тамирчнынхаа гэрт нь авсан гэрэл зургийг уншигчддаа толилуулж байна.






















Н.Бүжин
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ