Алтайн хязгаарт боом гарчээ
Баян-Өлгий аймагтай хил залгаа ОХУ-ын Алтай хязгаарын “Дружба” тосгонд өнгөрсөн сарын 26-ны өдөр гоц халдварт боом өвчин гарчээ. Үүний улмаас нэг хүн нас барсан байна. Уг тосгонд боом өвчний халдвар авсан гурван хүн албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд дээрх өвчний шинж тэмдэг илэрсэн 12 хүн байгаа юм. Одоогийн байдлаар боом өвчнөөр үхсэн мал, амьтантай харьцсан гэх 32 хүнийг эмчийн хяналтад аваад байна. Тус тосгонд онц байдал зарлаж тосгоноос малын түүхий эд гаргахыг хориглож, тосгоны хөдөлгөөнийг хязгаарлаж, ариутгажээ. Иймд Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод ажиллах эрүүл ахуйн байцаагчид болон, ариутгагч, ариутгалын бодисуудыг нэмэгдүүлэн, хилээр мал, амьтны гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг гаргахгүй байх арга хэмжээ авч, хилийн зурваснаас таван км-ийн зайтай ариутгалын пункт байгуулж орж ирсэн тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, боомтын хэмжээнд бэлэн байдал хангуулан ажиллаж байгаа юм байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ