
Алжирын Гадаад хэргийн сайд асан Лахдар Брахими наймдугаар сарын 17-ноос Кофи Аннаны орыг залгамжилж НҮБ-ын Сири дэх бие төлөөлөгч болсон билээ. Тэрээр Сирийн хямралыг хэрхэн зохицуулах талаар санал шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд шинэхэн даалгавраа нилээн гутранги байдлаар харж байгаагаа BBC-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрээр энэ хямралыг шийдэх гарц олж харахгүй байгаа гэнэ.
Ноён Брахимиг энэ албан тушаалд тавихад тал талаас маш таатай хүлээж авсан юм. Шинжээчид түүнийг НҮБ-т хурц шийдвэр гаргадгаараа танигдсан, томоохон хүчнүүд дунд бие даасан байр суурьтай байж чаддаг гэж тодорхойлдог.
Сирийн Засгийн газар түүнд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн бол сөрөг хүчин түүнийг даалгавраа гүйцэтгэж чадна гэдэгт итгэхгүй байгаа юм.
Брахими өөрийн энэ даалгаварт хичнээн их үүрэг хариуцлага дагалдаж байгааг, үүнээс айж байгаагаа ч хэлжээ. Тэрээр хоёр талд хандаж цуст мөргөлдөөнөө зогсоохыг шаардсан юм. Сирийн Засгийн газарт ард түмнийхээ шаардлагыг хүлээн авч яаралтай өөрчлөлт хийхийг сануулжээ.
Өнгөрсөн гуравдугаар сараас Ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийг эсэргүүцэж гарсан зэвсэгт мөргөлдөөн дотоодын дайны байдалд хүрч, нийт 20 мянган хүн амиа алдсан тооцоо байна. Сирийн ард түмэн хил даван дүрвэх болж дүрвэгсдийн тоо нэг сая орчиж болжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ