Сая төгрөгийн үлдэгдлийг олгох талаар хэлэлцжээ

img

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  Төрийн ордны “Б”зааланд дөнгөж сая  сэтгүүлчдэд мэдээлэл  хийлээ. УИХ дахь МАН-ын гишүүдийн ээлжит хурал өнөөдөр болж, үндсэн гурван асуудлыг хэлэлцжээ.

Нэгдүгээрт, Орон нутгийн сонгуулийн  тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар тус намын гишүүд санал солилцсон байна. Тодруулбал, Орон нутгийн сонгуулиар нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгодог  учраас улс төржүүлэхгүй байх. Тэр тусмаа сум, дүүргийн төвшинд улс төржүүлэхгүй  байх бололцоог хангах  талаар хэлэлцжээ.

Эл асуудалтай   “Шударга ёс” эвслийнхэн  ч санал нэгдэж байгаа аж.   Хамгийн чухал нь  хоёр намын гишүүд орон  нутгийн сонгуулиар сонгогчид  өөрсдөө төлөөллөө сонгодог хэлбэр рүү орох нь зүйтэй  гэж үзэж байгаа юм байна. Тиймээс  “Шударга ёс” эвслийн бүлгийнхэнтэй тус намын төлөөлөл  уулзаж, ажлын хэсэг байгуулан ажиллахаар болж байна.

Хоёрдугаарт, 2012 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотой голлох чухал ямар асуудлыг оруулах вэ,  өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөгийн үлдэгдлийг бүрэн олгох, хувьцаагаа мөнгө болгох иргэдийн асуудал, хямралын эдийн засгийн үед  хэрхэн ажиллах, уул уурхайн гол бүтээгдэхүүний үнэ багсч байгаатай холбоотой төсвийн орлогыг өөр эх үүсвэрээс  нөхөх ямар боломж байна зэргийг хөнджээ. Төсвийн тодотголтой холбоотойгоор мөн ажлын хэсэг байгуулжээ.

Гуравдугаарт, төрийн албаны  зөвлөлийг нийтийн албаны зөвлөл болгохтой холбоотой хуулийн төслийн талаар хэлэлцлээ.  Эл асуудал нь манай  160  мянган төрийн албан хаагчийн эрх ашгийг хөндсөн хууль учраас тус намаас  өөрийн байр сууриа илэрхийлэх бодолтой байгаа аж. Түүнчлэн талхны үнэ нэмэгдсэн нь хэр үндэслэлтэй  эсэхийг ч судалж, байр сууриа илэрхийлэхээр болсон байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ