
Иракийн залуу үеийн олонхийн хувьд гялалзсан нүүр будалт, янзалсан үс, бие барьсан жийнсэн өмд зэрэг нь өсвөр насны сайхан зүйлсийн нэг хэсэг. Харин ахмадуудын хувьд энэ нь харсан дарсан зүүд л гэсэн үг.
Сүүлийн жилүүдэд Иракийн эмэгтэйчүүд нь хэлбэр загваргүй нөмрөгөө шагай татсан бошинз, бариу цамцаар сольж, эрчүүд нь үсээ сүүлийн үеийн хэв маягаар жижигхэн болгож тайруулах болсон. Энэхүү хувцаслалт, соёлын өөрчлөлт нь лалын шүтлэгтнүүдийг Иракийн хоёр ч хотод шашны үнэт зүйлийг хамгаалах нэрийн дор “загварын цагдаа” ажиллуулахад хүргэжээ.
“Би цагдаа нарын над руу яаж хардгийг мэддэг. Тэдэнд миний байдал таалагддаггүй, гэхдээ энэ ердөө л дарамт төдий. Үнэндээ одоог хүртэл цагдаа нар ямар нэгэн арга хэмжээ авсан юм байхгүй” гэж барын хээтэй ягаан толгойны алчуур зүүж, жийнсэн өмд, цэнхэр цамц өмсөн нүдээ саатай харандаагаар тод будсан 32 настай Маяада Хамид хэлж байна.

Энэ бол Арабын орнуудад болж байгаа зөрчил бөгөөд уламжлалт лалын ертөнц барууны соёлын нөлөөтэй хэрхэн зөрчилдөж байгааг харуулж байна.
Гэгээн Рамадан сар наймдугаар сарын 20-нд дууссанаас хойш хуучны хэм хэмжээг зөрчиж байгааг эсэргүүцэх явдал ихэссэнийг шашны удирдлагууд хэлж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Казимияа хотын гудамжаар эмэгтэйчүүдийг абайя буюу мөрнөөс хөл хүртэл халхалсан хар нөмрөг нөмрөхийг хатуухан шаардсан зурагт хуудас байрлах болжээ.
“Бид хувийн эрх чөлөөг дэмжих ч тусгай ёс горим бүхий газрууд гэж бий” хэмээн Казимияад байрлах, шиитийн шашны хамгийн ариун газруудын нэг сүмийн санваартан Шейк Мазин Саади хэллээ. Тэрээр тэр хавийн иргэд Багдадын удирдлагуудад “эмэгтэйчүүдийг гивлүүргүйгээр олон нийтийн газраар явахыг хорих” хориг тавиулахаар лоббидсон гэжээ. “Эмэгтэйчүүд энэ хоригийг дагаж эхэлсэн” хэмээн Саади хэлжээ.
Олон нийтийн газар лалын шашинт эмэгтэйчүүд толгойны алчуур эсвэл гивлүүр зүүдэг бөгөөд шүтлэгтэн эмэгтэйчүүд сүм, дуганад орохдоо абайя эсвэл түүнтэй төстэй сул өмсгөл өмсөх ёстой байдаг.

Гэхдээ сүүлийн жилүүдэд 2003 оноос америкчууд орж ирэн Саддам Хуссейны засаглал унаснаас хойш барууны моод Иракийн загварын чиг хандлагад нөлөөлөх болжээ. Биед таарсан хувцас, загварлаг гутал, эрчүүдийн босоо засалт зэргийг Иракийн гудамжнаа элбэг харж болно. Зарим бүсгүй толгойн алчуурнаас ч татгалзаж эхэлсэн байна.

Тэдний эцэг эх барууны нөлөө Иракийн олон зууны соёл, шашныг хүндлэх хүндлэлийг алга болгохоос эмээж байгаа юм.
Казимияагийн сүмийн ойролцоо байдаг алтны худалдаачин 65 настай Фадхил Жавад “Иракчууд бид өөрсдийн уламжлалаа хүндлэхгүй байна. Богино цамц, хөл гаргасан хувцас байдаг болсон. Тэгээд бүгд их бариу. Миний бодлоор ийм зүйлс өмсөж байгаа иракчууд Сири, Дубай, Египет зэргээс эргэж ирцгээсэн хүмүүс байх. Тэд олон цагийг шөнийн цэнгээний газар өнгөрөөсөн биз. Казимияагийн гэр бүлүүд консерватив айлууд байдаг. Харин тэдгээр залуу хүмүүсийг хэн ч удирдаж чадахгүй. Тэдэнд эрх чөлөө олгох хэрэгтэй ч тэд хэмжээ хязгаараа мэдэх хэрэгтэй” гэлээ.
Эрчүүд ч загварын өөрчлөлтөнд өртсөн байлаа:үсний босоо засалт, шивээс, биеэ элдэв газраа цоолох зэрэг нь шашны удирдлагуудыг бухимдуулж байна. Дух руугаа үсээ унжуулсан загварлаг үсний засалттай, Адидас брендийн бариу биеийн тамирын хослол өмссөн 22 настай нэгэн залуугаас асуухад “Хэн ч надад юу хийхийг минь зааж чадахгүй, надад хамаагүй гэсэн юм.

Босоо үсний засалттай нэгэн хүү сүм рүү ороход нь хэн ч саад хийгээгүй тухай хэлсэн байна. Гэхдээ үүнийг хориглосон хориг гарвал үсээ өөрчлөхөө хэлсэн юм. Гэхдээ зах руу орох гэсэн зарим эмэгтэйчүүдэд будгаа арчиж ор хэмээн алчуур өгч байсныг 59 настай нэгэн эмэгтэй хэллээ. “Энэ нь гэгээн газрыг хүндэлж байгаа маш сайн хэрэг юм” хэмээн хар абайятай, нүүрээ халхалсан эмэгтэй инээд алдан хэлжээ.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ