МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатартай дараах зүйлийг ярилцлаа.
-МАН-ын зүгээс “Шинэчлэлийн” Засгийн газрын үйл ажиллагаанд таагүй дүн тавьсан гэж байна. Тухайлбал, ямар асуудлууд та бүхний анхаарлыг татав?
-Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Сөрөг хүчний хувьд бид зөвхөн шүүмжилдэг бус бүтээлч сөрөг хүчин байхыг эрмэлзэж, бас зорьж байгаа. Улс орны хөгжилд хэрэгтэй шинэ санаачлагуудыг гарган, бодитой хувь нэмэр оруулахаас гадна болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг засч залруулахын төлөө олон нийт, эрх баригчдад хандаж байр сууриа илэрхийлнэ. Үнэндээ өнөөдөр “Шинэчлэлийн” гэж нэрлэгдээд байгаа Засгийн газар маань рекламны засгийн газар болж хувирлаа. Ард түмний дунд тулгамдаж буй асуудал, нийгмийн бухимдал эрс нэмэгдэж байна. Өвөл хаяанд тулсан энэ цаг үед олон асуудал шийдэгдэж чадахгүй байгаад анхаарлаа хандуулахаас өөр арга алга. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байхад Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ямар нэгэн ажил харагдсангүй. Өчигдөр бидэнтэй хүнсний ногоо тариалагчид уулзлаа. “Хүнсний ногооны бөөний үнэ 150, жижиглэнгийн үнэ 600 төгрөг байхад бид яаж амьдрах вэ. Хөлс, хүчээ зарцуулан байж тариалсан ногоогоо зохих ёсоор нь худалдаж чадахгүй байна. Бидний хөдөлмөр зүгээр л ченжүүдийн гарт үрэгдээд өнгөрдөг. Үүнийг нэгдсэн журмаар нь зохицуулж, Засгийн газраас анхаарч байгаа юм алга. “Намрын ногоон өдрүүд” үйл ажиллагаа ямар ч үр дүнгүй болж байгааг уламжилж өгөөч” гэж биднээр дамжуулан байр сууриа илэрхийлсэн. Талх, бензин, шатахууны үнэ гээд нийгэмд хэзээ мөдгүй үнийн тэсрэлт болох цаг ойрхон байна. Энэ нь цаашлаад ард иргэдийн амьдралыг туйлдуулж болзошгүй байгааг анхааруулах хэрэгтэй. Нийгмийн бухимдлыг төрүүлж, ард иргэдийн анхаарлыг татаж байгаа бас нэг асуудал нь “Эх орны хишиг” болох 21 мянган төгрөгийг олгохоо больсон явдал.
-Энэ мөнгөөр нийгэмд ихээр буй болсон ажилгүйдэл, ядуурлыг багасгаж чадахгүй. Харин ч бүр бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, ядуу иргэдийг залхуу болгож байна гэх шүүмжлэл дагуулсан. Мөн уг мөнгийг улсын төсөвт бүрдүүлэхийн тулд нэлээд асуудал үүсч байсан болохоор энэ удаа дахин олгохгүй гэсэн АН-ын шийдвэрийг буруутгасан хэрэг үү?
-Мэдээж хэрэг, буруу гэж үзэж байна. Хүний хөгжил сангаас 21 мянган төгрөг олголтыг зогсоосон нь ард иргэдийн амьдрал доройтоход хүргэж, улам ч хүнд байдалд орууллаа. Би энэ ажлыг аваад анхны шатны хэмжээнд Нийслэлийн Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзаж, айл өрхөөр явж байсан. 21 мянган төгрөгийн олголт зогссоноос болоод цахилгааны мөнгөө төлж чадахгүйд хүрч, улмаар харанхуй гэрт амьдарч байгаа айл олон байна. Гэр хорооллын айлуудын 30 орчим хувь нь ямар нэгэн орлогын эх үүсвэр байхгүй, зөвхөн 21 мянган төгрөгөөр амьдралаа залгуулж байсан нь тогтоогдсон. “Хоёрдогч түүхий эдээр амьдралаа залгуулахад ч хүнд байна. 21 мянган төгрөгийг үргэлжлүүлж өгч болохгүй юмуу” гэсэн хүсэлт тавьж байна, бидэнд. Тэр баян чинээлэг сайд нар, компанийн захирлуудад энэ мөнгө хэрэггүй байж болно. Гэтэл нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст тэр мөнгө ямар их чухал гээч. Эрх баригчид 2012 оны төсвийн тодотголд яагаад 21 мянган төгрөгийг үргэлжлүүлж олгох асуудлыг оруулж ирсэнгүй вэ. Хүүхдийн мөнгийг хавтгайруулж оруулж ирсэн нь зөвхөн сонгуульд зориулсан шоу шүү дээ. Хүүхдэд мөнгө хэрэгтэй нь үнэн. Хамгийн гол нь, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст ч бас 21 мянган төгрөг хэрэгтэй гэсэн байр суурийг манай намын зүгээс илэрхийлж байна. Энэ мөнгийг үргэлжлүүлж олгоно гэж намууд мөрийн хөтөлбөртөө тусгасан ч, хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн нь харамсалтай юм.
-Үүнээс өөр ямар асуудалд намын зүгээс байр сууриа илэрхийлж байна вэ?
-Төрийн албан хаагчдыг хоморголон халахын тулд Нийтийн албаны хэмээх хуулийг санаачилж гаргасан нь асуудал үүсгэлээ. Төрийн олон нийтэд үйлчилдэг албыг зөвхөн нэг намд үйлчилдэг алба болгохоор зүтгэж байна. Маш олон агентлагийг татан буулгаж, төрийн ажлыг эргэлзээтэй байдалд оруулснаар өвөлжилтийн бэлтгэл ажил тасарсан гэж үзэж байгаа. Маш олон яам байгуулж, дэд сайдын орон тоог нэмснээс хойш шинэчлэлийн бодитой уур амьсгал харагдсангүй. Боловсролын түвшинд ч тэр, агуулгын шинжтэй өөрчлөлт алга. Хичээлийн шинэ жил эхэллээ. Сурагч, оюутнуудын өгсөн хэдэн чихрийн цуглуулганаас болоод “Авлига авлаа” гэж буруутгагдсан талаар багш, эцэг эхчүүдийн зүгээс бидэнд байр сууриа илэрхийлж байна. Ийм байдлаар нийгмийн бухимдлыг нэмэгдүүлж, ард иргэдийг хоёр талцуулан, хүчээр түрэмгийлсэн Засгийн газар Монгол Улсын хөгжилд шинэчлэл авчрахаасаа илүү чөдөр тушаа болно гэдгийг албан ёсоор хэлье. УИХ-аас явуулж буй үйл ажиллагаа ч гэсэн тэр. “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэсэн зарчмаар явж байна. “Хамгийн ахмад настай хүн нь УИХ-ын анхдугаар чуулганыг зохион байгуулж, хурал удирдана” гэсэн хуулиа зөрчсөний дараа 24 цаг болон бусад хууль нь зөрчигдөөд эхэлсэн.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй нь мөн л хууль зөрчсөн асуудал гэж үзэж байгаа гэсэн. Энэ талаар?
-УИХ-д Монгол Улсын хоёр ч хуулийг зөрчин байж Орон нутгийн сонгуулийн хуулийг өргөн барьсан. “Аливаа сонгууль явуулахаас зургаан сарын өмнө сонгуулийн хуулийг өөрчлөхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг тэд зөрчиж байгаа. Сонгогдох гэж байгаа иргэн өөрийгөө таниулах боломжоор хангагдах, мөн сонгох гэж буй иргэн сонгуулийн талаарх бүрэн мэдээллийг олж авсан байх ёстой. Үүнээс гадна УИХ-аар хууль тогтоомжийн шийдвэрийг хэлэлцэж, батлах журмын тухай хуулийг зөрчсөн. Орон нутгийн тухай хуулийн төслийг хав дарж байснаа өнөөдөр өргөн бариад маргааш нь хэлэлцүүлж байна. Өнөөх 30 хоногийн өмнө иргэдээр хэлэлцүүлж, холбогдох хүмүүсийн саналыг авч байя гэсэн сайхан амлалтууд нь алга болсон. Зөвхөн нэг намын эрх ашигт нийцүүлэн, ар хударгаар нь ингэж хүч түрэмгийлэн хууль баталдаг зарчим парламент дээр бий боллоо. Энэ бол олонхийн дарангуйлал. “Ерөнхий хүсэл зоригийг олонхийн хүсэл зоригоор солих юм бол тэр дарангуйлал болно” гэж олон зуун жилийн өмнө Аристотель хэлсэн байдаг. Ерөнхий хүсэл зориг бол ард түмний хүсэл зориг. Олонхийн хүсэл зориг бол парламентад олон суудал авсан намын санаархал. Ийм байдлаар үйл ажиллагаа явуулаад байвал Монголын төр мордохын хазгай болно шүү. Үүнийг засч залруулах ёстой. Цаашид энэ байдал даамжирвал бид тэмцлийн бусад бүхий л хэлбэрийг сонгон авч, улс оронд хууль дээдэлдэг зарчим үйлчилж байхын төлөө тууштай зүтгэх шаардлагатай болж байна. Энэ бол ард түмний аж амьдрал, нийгмийн халамжтай холбоотой асуудал. Орон нутгийн сонгуулийн өмнө Хүний хөгжил сангаас сар бүр хүүхдэд олгох 20 мянган төгрөгийн асуудлыг шийдсэн мэтээр шоудахын тулд нийгмийн бусад халамжийн мөнгийг хасч байгаа нь буруу. Тэр нийгмийн халамж чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийн хүмүүс болон төрсөн эхчүүдэд хүрэх мөнгө. Энэ мөнгийг хасаад хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгоно гэж байгаа нь ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаатай адил зүйл. Зорилтот бүлгүүдэд олгох ёстой байсан мөнгийг сонгуулийн шоунд зарцуулж буй нь эрх баригчдын бодлогогүй алхам гэж бид үзэж байна.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ