
Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар, Япон улсын газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамтай хамтран “Монгол-Японы хот байгуулалтын салбарын семинар”-ыг энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Уг семинариар Монгол Улсын хот байгуулалтын салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх, агаарын бохирдол, нийтийн тээвэр, автозамын түгжрэл зэрэг Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал бодлоо солилцох юм. Мөн Япон улсаас манай улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, тус улсын хот байгуулалт, төлөвлөлтийн тэргүүн туршлага, техник технологи, ноу-хау-г ашиглах замаар Японы хувийн хэвшлийнхний Монгол дахь үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Тус семинарын салбарын хуралдаанаар “Нийтийн тээврийн гол шугамын дагуух орчныг хөгжүүлэх ба түүний үр өгөөж”, “Хүйтэн бүсийн нутагт зам тавих технологи”, “Байгаль орчинд ээлтэй нийтийн орон сууц барих бодлого” зэрэг Улаанбаатар хотод тулгамдсан, яаралтай шийдвэрлэх шаардлагатай сэдвүүдээр Япон улсын төлөөлөгчид илтгэл тавьж, санал солилцоно. Мөн "Нарын гүүр"-ийг барих ажлын явц болон гэр хорооллын барилгажилтын үйл ажиллагаатай танилцуулах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ