Таныг “Болзоонд уръя”
Эгнэсэн шагай шиг шижигнэсэн залуучууд уншигч авхай таныг “Болзоонд уръя” гэнэ. Зүрхнээс гарах хөг, аялгуу, хэмнэл, мэдрэмж бүрээ танд л зориулахаар тэд таныг мэхийн ёслон урьж байна. Хөгжмийн зохиолч Очирбатын Эрдэнэбатын анхны бие даасан “Болзоонд уръя” хэмээх тайлан тоглолт Монгол бөхийн өргөөнөө энэ сарын 28-нд буюу маргааш болох юм. Эрхэм хөгжмийн зохиолчийн сэтгэлээс гарсан аялгуу бүхэн шүлгийн шад бүрийг хөглөн дуу болон эгшиглэж таны сэрэл мэдрэхүйд хүрэх болсноор хэдэн намрыг үдэж. Сэтгэлийн тань гүнд баяр, баясгалан бэлэглэж, уйтгар гунигийг үргээх тэр бүх аялгууг маргааш та сонсч “Өө энэ чинь Эрдэнэбатын хөгжим байсан юм уу” хэмээн нууцлаг нэгэн эрхэмтэй нүүр тулан золгох юм. Тантай болзох эрхэмүүдийг нэрсийг зухас дэлгэвэл П.Идэржавхлан, Э.Төрмандах, Э.Буянмөнх, “Цэцгэн дагина” хэмээн бүсгүйчүүдээ энхрийлдэг Б.Отгонтогтох зэрэг зохиолын дууны залуу, чанарлаг уран бүтээлчид байгаа аж. Ямартай ч алслан холдож буй намрын нэгэн оройг дуу хуураар аргамжин нэгэн үдшийг болзож өнгөрүүлэх боломжийг бүү алдаарай. Дахин сануулахад болзох газар Монгол бөхийн өргөө, уулзах цаг 19.00 гэдгийг бүү мартаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ