
Том Круз, Кети Холмс хоёр хэрхэн учирсан нь нууц байсаар ирсэн. Кети Холмсыг Том Крузын шүтдэг Саентология шашны дээд сүм сонгосон гэсэн яриа байдаг ч тус байгууллага үүнийг үгүйсгэдэг. Гэхдээ цуу яриа үнэн бол Кети Холмс “шалгаруулалтанд” орсон эхний жүжигчин биш гэнэ.
“Vanity Fair” сэтгүүлийн аравдугаар сарын дугаарт гарах шинэ мэдээгээр 2005 оны дөрөвдүгээр сард Холмстой уулзахын өмнө өнөөх алдарт шашны байгууллага Крузд тус шашны сүсэгтэн найз бүсгүй олж өгөх гэж байсан байна.
VF сэтгүүлийн тусгай сурвалжлагч Морен Ортын бичсэнээр Саентология шашны удирдлага хэд хэдэн жүжигчин гишүүдээ шинэ кинонд шалгаруулах нэрийдлээр цуглуулжээ. Бүсгүйчүүдээс “Та Том Крузын талаар юу гэж боддог вэ” гэж хүртэл асуусан гэнэ. Ярилцлагад орсон бүсгүйчүүдээс Иранд төрж, Лондонд өссөн жүжигчин Назанин Бониадиг сонгосон байна.
2004 оны аравдугаар сараас эхлэн бүтэн сарын турш үргэлжилсэн бэлтгэл ажлын хугацаанд түүнийг өдөр бүр шалгадаг байсан ба шашны нилээн дээгүүр тушаалын хүн түүнээс хамгийн нууц зүйлс, бэлгийн амьдралынх нь талаар хүртэл нарийн асуусан гэх. Түүнийг найз залуу, чухал гэж бодож байсан хамаг зүйлээ орхих хэрэгтэйг хэлсэн бөгөөд нууцлалын гэрээ байгуулах ёстой болсон байна.
Сарын дараа Бониади Нью-Йорк хотод Томтой үдийн зоог барих болсон ч энэ нь хоёулхнаа барьсан зоог биш байжээ. Саентологийн туслахууд тэднийг тойрон хүрээлж байсан бөгөөд энэ үед л анх Бониади бүх зүйл төлөвлөгөөт гэрлэлт байж болзошгүй гэдгийг ухаарчээ. Круз удалгүй түүнийг гэртээ аваачиж Крузын кино компанийн нэрийн дорхи кредит картыг Бониадид өгчээ.
Гэхдээ түүний харшид өнгөрүүлэх хугацаа тийм удаан үргэлжлээгүй юм. 2005 оны нэгдүгээр сард тэрээр харшаас явах хэрэгтэй болсон бөгөөд түүнийг Крузын найз бүсгүй байхаа больсныг шашныхан хэлсэн байна. Круз илүү өөрийн гэсэн хүч чадалтай эмэгтэйг хүссэн гэнэ, жишээ нь Николь Кидман шиг. Яагаад өөрөө энэ бүхнийг хэлж болоогүйг нь Бониади асуухад “Морийг ус руу хөтөлж болохоос хүчээр уулгаж чадахгүй шүү дээ” хэмээсэн гэдэг.
Түүнийг Том Крузынхээс Саентология шашны Холливудын оддын төвд аваачсан бөгөөд дараа нь Флорида дахь эмчилгээний төвд аваачжээ. Энд тэрээр нэгэн танилдаа Том Крузтэй богинохон хугацаанд үргэлжилсэн харилцааныхаа талаар ярьжээ. Гэхдээ үүнийхээ хариуд Бониади шүдний сойзоор суултуур угаах, ном зарах гэх мэтээр шийтгүүлсэн гэдэг. Мэдээж энэ бүх шийтгэлийн талаар шашны байгууллага үгүйсгэсэн юм.
Бониади Том Крузын найз бүсгүй байхаа больсноос хойш гурван сарын дараа Том “War of the Worlds” киноны нээлтээ Европт хийж байхад Кети түүнтэй хамт явж харагдах болсон билээ. 2006 оны арваннэгдүгээр сард Сури охин нь зургаан сартай болсны дараа тэд Италид нижгэр хурим хийсэн юм. Харин таван жилийн дараа буюу зургадугаар сарын 29-нд Том киноны зураг авалтаар Исландад явж байх үеэр Кети салах өргөдлөө гаргаад амжсан. Салалт хоёр сарын дотор албан ёсоор шийдвэрлэгдсэн бөгөөд Кети ганц хүсч байснаараа Сури охиноо аван үлдэж чаджээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ