
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёоно өнөөдрөөс манай улсад төрийн айлчлал хийнэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНИУ-ын Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёонотой албан ёсны хэлэлцээ хийх юм. Айлчлалын үеэр хоёр тал Монгол-Индонезийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт идэвхжүүлэх асуудлыг хэлэлцэж, хөдөө аж ахуй, соёл зэрэг зарим салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Мөн хоёр тал бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлэх юм.
Түүнчлэн Монгол Улсын УИХ-ын дарга, Ерөнхий сайд БНИУ-ын Ерөнхийлөгчид тус тус бараалхана.
Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёоно айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зочилж үг хэлэх бөгөөд Монгол, Индонезийн бизнес уулзалтын нээлтэд оролцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ