Уул уурхай, барилгын салбарын үзэсгэлэн гарна

img

Манай улсад анх удаа уул уурхайн болон барилгын салбарын олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаа Спорт цогцолборт өнөөдрөөс эхлэн гарах гэж байна. Гурван өдөр үргэлжлэх энэхүү үзэсгэлэнг Азийн хамгийн том үзэсгэлэн зохион байгуулагч Allworld Exhibitions групп “Mining Mongolia 2012 болон Building & Construction Mongolia- 2012″ нэрийн дор зохион байгуулах юм. “Mining and Construction Mongolia 2012″ олон улсын үзэсгэлэн нь Allworld Exhibitions группын Монгол Улсад зохион байгуулж буй анхны арга хэмжээ юм. Үүнтэй төстэй уул уурхай, барилга болон эрчим хүчний томоохон үзэсгэлэнг Хонг Конг, Малайз болон Вьетнамд зохион байгуулж байжээ. Одоогийн байдлаар уг үзэсгэлэнд Австрали, Канад болон Герман зэрэг 22 орны 190 компани, байгууллага оролцож байна. Эдгээр олон улсын компаниудын 70 хувь нь Монголд анх удаа айлчилж байгаа учир уг үзэсгэлэнд оролцох болон хүрэлцэн ирэх импорлогч компаниудын хувьд гадны шинэ үйлдвэрлэгч болоод бизнесийн шинэ түншээ олох, барилгын сүүлийн үеийн технологи бүтээгч нарийн мэргэжлийн инженерүүдтэй танилцах, туршлага солилцох боломжийг олгож байгаа юм. Үзэсгэлэнгийн эхний өдөр Их Британийн ЭСЯ-наас зохион явуулах Лондон хотын зүүн хэсэгт 2012 оны олимпийн хотхонг хэрхэн  барьж, байгуулсан талаар баримтат кино үзүүлэх бол хоёр дахь өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас “Монголын барилгачдын өдөр”-т зориулж “Шинэ бүтээн байгуулалт – дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг танилцуулах семинартай юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ